Mobile version coming soon
Азийн Тогтмол Орлоготой Үнэт Цаасны 5 дахь удаагийн чуулга уулзалт Монгол Улсад анх удаа зохион байгуулагдлаа
Буцах
2018 оны 07 сарын 04 өдөр

Азийн Тогтмол Орлоготой Үнэт Цаасны 5 дахь удаагийн чуулга уулзалт (AFIS) Улаанбаатар хотноо 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү чуулга уулзалтад Монгол, Япон, БНСУ, Малайз, Тайланд, Филлипин, Индонез, Казахстан улсуудын орон сууцны бодлого боловсруулагчид, орон сууцны зах зээлийн гол тоглогчид, орон сууцны санхүүжилтийн компанийн төлөөллүүд болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд оролцов.  Чуулга уулзалтад оролцогч орнууд орон сууцны тасралтгүй санхүүжилтийн сувгийг бий болгох сайн туршлагуудаа хуваалцаж, орон сууцжуулах бодлого, санхүүжилтийн шийдэл, хоёрдогч зах зээлийн үүрэг оролцоо болон Азийн хөрөнгийн зах зээл дэх боломжуудыг хөндөн хэлэлцлээ.

Барилга, Хот байгуулалтын сайд Х.Баделхан чуулга уулзалтыг нээж үг хэлэхдээ:“Төрөөс баримтлах орон сууцны санхүүжилтийн бодлого нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, орон сууцны хоёрдогч зах зээл, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг оролцуулж санхүүжилтийн эх үүсвэрийг дайчлах бүтцийн дагуу хэрэгжих нь хамгийн оновчтой арга зам юм. Олон улсын туршлага ч мөн адил байна.

Монгол Улсын Засгийн газар орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрийг үргэлжлүүлж, урт хугацаанд тогтвортой хэрэгжих оновчтой хэлбэрээр баяжуулан сайжруулах зорилго тавиад байгаа. Азийн моргейжийн зах зээлийн холбооны чуулга уулзалт энэ цаг хугацаанд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсанд баяртай байна” гэсэн юм.

Ипотекийн нийт зээлийн хэмжээ нь 6 их наяд ам.доллараар хэмжигдэж буй Азийн орнуудын бодлого тодорхойлогчид иргэдийнхээ үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг дэмжсэн,  орон сууцжуулах бодлого тууштай хэрэгжүүлж буй. “Орон сууцны бодлогын сонголтууд” сэдвээр Дэлхийн банкийг төлөөлж илтгэл тавьсан Андрей Милютин: “Орон сууцны хүртээмжтэй байдлыг тооцох голлох элементэд айл өрхийн орлого, орон сууцны үнэ болон өрхийн одоогийн бодит орлогоос гадна ирээдүйн орлогын тогтвортой байдлыг авч үзэх хэрэгтэй. Дэлхийн банкны зүгээс орон сууцны хүртээмжтэй байдлыг арифметикийн бус харин медиан дунджаар нь тооцохыг зорьж байна. Эдгээр хүчин зүйлс нь улс орнуудын төр засаг бодлого тодорхойлоход зайлшгүй голлох зүйлс болдог гэж мэдэгдэв.  

Моргейжийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх нь өрхийн орлогод тулгуурласан, орон сууцны хүртээмжтэй санхүүжилтийн гол шийдэл болж буйг үндсэн илтгэгчид онцолж, үүний маш сайн загвар Монгол улсад бий болсныг цохон тэмдэглэв. 

Монгол Улсад МИК ОССК ХХК-ийн санаачлан хэрэгжүүлж буй орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 65 мянга гаруй өрх орон сууцны зээлд хамрагдаж, хуримтлал бүхий дундаж давхаргын эгнээг тэлсэн байна. Орон сууцны санхүүжилтийн энэ стратеги хөгжиж буй аль ч оронд ялангуяа Азид хэрэгжүүлж болох сайн туршлага гэж чуулга уулзалт дүгнэлээ. 

Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга:

"Орон сууцны санхүүжилт сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж байгаа ч цаашид энэхүү өсөлтийг урт хугацаанд хүртээмжтэйгээр тогтвортой үргэлжлүүлэх, санхүүжилтийг төгөлдөршүүлэхэд Монгол Улсын санхүүгийн тогтолцоог цаашид гүнзгийрүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,  урт хугацааны эх үүсвэрийг бий болгох, олон нийтэд үнэт цаасжуулалтын ач холбогдол, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны шинж, чанарыг таниулан сурталчлах  шаардлага хэвээр байна.

Азийн бүс нутагт, ялангуяа энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй Монгол Улсад орон сууцны бодлогод анхаарах асуудлууд, санхүүжилтийн оновчтой загвар шийдлийн хөгжүүлэхэд энэхүү чуулга уулзалт бодитой хувь нэмэр орууллаа гэж онцлов.

Чуулга уулзалтын үеэр Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханы өгсөн мэдээллээр нийслэлд 72 мянган орон сууц баригдсан бол ирэх 2-3 жилд 50 мянга орчмоор нэмэгдэхээр байгаа аж. Харин орон сууцанд орох сонирхолтой 56 мянга орчим өрх байна. Нийслэлд борлуулагдаагүй 5823 орон сууц байгаа бол орон нутагт ч зарцсан байрууд олноор тоологдсон хэвээр байгаа юм.

Судалгаагаар иргэд ипотекийн зээлийн хүү хэт өндөр, 30 хувийн урьдчилгаа төлөх боломжгүй, орон сууцны үнэ өндөр байна гэсэн гурван нийтлэг бэрхшээл нэрлэдэг байна. Орон сууцанд амьдрах хүсэлтэй нийт иргэдийн 80 хувь нь нэг м.кв нь 1.2 сая төгрөгийн үнэтэй 40-60 метр талбайтай орон сууцанд амьдрах хүсэлтэй байдаг аж. Гэвч зах зээл орон сууцны үнэ 2.5-1.6 сая төгрөг байна. Орон сууцны үнэ өндөр байгаа гол шалтгаан нь засал чимэглэлд үнийн дүнгийн 30 хувь орчим нь ордогтой холбоотой гэж судалгаагаар гарчээ. Тиймээс салбар яамнаас дотоод засал чимэглэлээ иргэд өөрсдөө хийдэг байх чиглэлд бодлого боловсруулахад анхаарч байгаа гэх мэдээлэл өгч байна.

Уулзалтын үеэр Дэлхийн банкны Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Андрей Милютин “Өрх гэр орлогын тал хувиа зээлэндээ зарцуулах нь харьцангуй зөв хэлбэр. Монгол Улсад цаашид урт хугацаатай зээлийн даатгалын орчинг илүү сайжруулах шаардлагатай. Мөн ББСБ –ууд сүүлийн жилүүдэд орон сууцны зээлийн зах зээлд ажиллах болсон тул банктай адилтгах хэмжээнд нь анхаарах шаардлага үүсч байгаа юм” гэсэн санааг илэрхийлсэн юм.

Малайз Улсын Моргежийн Корпорацийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Чунг Чи Леон: “Бага орлоготой иргэдээ төсвийн татаасаар орон сууцны зээлэнд хамруулах аргачлал дэлхий нийтэд хэрэглэгдэж байгаа. Заавал орон сууц гэхгүй түрээс, хувийн орон сууц барин амьдрах чиглэлд бодлогоор дэмжих хэрэгтэй. Зээлийн хүүг бууруулах бодит шаардлага байгаа нь анзаарагдаж байна” гэж онцлов.

Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал, эдийн засагч С.Дэмбэрэл: “Монголд өнөөдөр ипотекийн зээлээ төлөх гэсэн иргэдийн хүсэлт чармайлтаас үүдсэн оромжийн ядуурал нүүрлээд байна” гэж тодотгосон нь анхаарал татав. Цаашид ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд олон улсаас хөнгөлөлттэй зээл авах, бонд гаргах зэрэг аргачлалуудыг ашиглах бодит шаардлага үүссэнийг уулзалтад оролцогчид цохон тэмдэглэж байлаа.

Чуулга уулзалтыг Монголын Ипотекийн Корпораци (МИК), Барилга Хот Байгуулалтын Яам (БХБЯ), Сангийн Яам, Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран зохион байгуулсан бөгөөд Азийн моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоог 2019 он хүртэл Монгол Улс даргалах юм.