Mobile version coming soon
ТУЗ-ийн даргын мэндчилгээ

Монгол Улсын эдийн засагт орон сууцны санхүүжилтийн системийг олон улсын жишгийн дагуу бүрдүүлэх, орон сууцны санхүүжилтийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг тогтвортой, эрсдэлгүй, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж буй МИК Групп компанийн цахим хуудастай танилцаж буйд эрхэм таньд талархал илэрхийлье.

Манай групп компанийн хувьд 2016 он онцлох үйл явдлаар дүүрэн жил болж өнгөрлөө.

“МИК Холдинг” ХК нь 2015 оны сүүлээр Санхүүгийн Зохицуулах хорооноос зөвшөөрөл авч, 2015 оны арван хоёрдугаар сарын 24-нд Монголын Хөрөнгийн бирж дээр Монгол Улсын түүхэнд хамгийн том нээлттэй хувьцааны арилжаа хийж, улмаар биржийн 1 дүгээр ангиллын шалгуурыг хангасан анхны хувьцаат компани болов. Мөн бид Монгол Улсын санхүүгийн салбар дахь анхдагч олон нийтэд нээлттэй компани болж, аж ахуйн нэгж хувь хүмүүсээс бүрдсэн 96 хувьцаа эзэмшигчтэй компанийн удирдлагын зөв засаглалтай ил тод компани боллоо.

МИК групп компани нь санхүүгийн хувьд тогтвортой, зах зээлд нөлөө бүхий баталгаа хөрөнгөтэй, олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн компани юм. Нээлттэй хувьцаат компани болсноор нийт хувьцаа эзэмшигчдийн өөрийн хөрөнгө, үр өгөөжийг тогтмол ахиулан өсгөхийн төлөө ажиллаж байгаа бөгөөд өмнөх оныхоо цэвэр ашгийг 100 хувь хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваариллаа. Өөрөөр хэлбэл МИК-ийн хувьцаа эзэмшигчид компанийн ашиг орлогоос хүртсэн, орон сууцны хөтөлбөрийн хүрээнд бий болсон нийгмийн ач тустай хөрөнгийн баялгаас ногдол ашиг хуримтлуулсан он байлаа.

“МИК Холдинг” ХК-ийн охин компани “МИК ОССК” ХХК-ийн 10 жилийн ой 2016 онд тохиолоо. Манай хамт олон өнгөрсөн 10 жилийн хугацаанд орон сууцны санхүүжилтийн олон улсад хэрэглэж буй тэргүүн туршлагыг дотоодынхоо зах зээлд нутагшуулахын тулд эрх зүйн орчин болон шаардлагатай дэд бүтцийг бий болгохоос эхлээд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, орон сууцны зээлийн бичиг баримтын стандарт хэвшүүлэх, зээл олгох үйл ажиллагааг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлэх зэргээр ипотекийн  зах зээлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Өнгөрч буй 2016 онд бидний хүрсэн амжилт, ололт, гаргасан үр дүн нь хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид, бонд эзэмшигчид, харилцагчид, компанийн ажилтнууд, орон сууцны зээлд хамрагдсан иргэд олон нийт болон бүх түншүүдийн хамтын ажиллагааны хичээл зүтгэл байлаа.

Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, 2017 онд өмнөө дэвшүүлж буй зорилгоо биелүүлэхийн төлөө хамтдаа зүтгэн, амжилтанд хүрэхийг хүсэн ерөөе!

 

Хүндэтгэсэн,

М.Мөнхбаатар

“МИК Холдинг” ХК, “МИК ОССК”ХХК-ийн

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга