Mobile version coming soon
ОЮУНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА
Буцах
2018 оны 04 сарын 19 өдөр

Өнөөдөр Нийслэлийн 63 дугаар тусгай дунд сургуулийн оюуны бэрхшээлтэй 90 хүүхдэд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих хамар хоолой судлалын тасгийн эмч нар чих хамар хоолойн урьдчилан сэргийлэх үзлэг, сонсгол шалгах нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг үнэ төлбөргүйгээр хийлээ.

Энэхүү эрүүл мэндийг үзлэгийг Монголын ипотекийн корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ивээн тэтгэн Монголын тусгай олимпын хороо, Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа. Үзлэг зохион байгуулахад шаардагдах санхүүгийн дэмжлэгийг Монголын ипотекийн корпорациас бүрэн гаргасан.

Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд дассан орчинд нь үзлэгийг зохион байгуулах нь нэн чухал байдаг. Үзлэгийн зорилго нь далд өвчлөлийг илрүүлэх, шаардлагатай эмчилгээг бичиж өгөх, сонсголын аппарат зүүх эсэх шаардлагатай талаар нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө өгөх юм. Үүний үр дүнд эдгээр хүүхдүүдийн гэр бүл, багш, найз нөхөдтэйгөө харилцах харилцаанд ахиц гарч, өөртөө итгэх итгэлтэй болсноор сурлага, спортын амжилт гаргах боломжууд нээгдэх юм.

Эрүүд мэндийн үзлэгийг 2018 онд 4 удаа зохион байгуулж нийт 400 гаруй хүүхдийг хамруулах бөгөөд үзлэгт шаардлагатай тусгай багаж, тоног төхөөрөмжийг АНУ-с захиалан авчирчээ.

Монголын Тусгай олимпын хороо нь 2013 онд байгуулагдан Олон улсын Тусгай олимпын хорооны гишүүнээр элссэн. Одоогоор нийт 2000 гаруй тамирчин, дал орчим дасгалжуулагч, мянга гаруй эцэг эх, хоёр зуу гаруй сайн дурынхан, тавь гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.

Олон улсын Тусгай олимпын хороо нь дэлхийн 172 улсад гишүүнчлэлтэй хүмүүнлэгийн байгууллага бөгөөд спортын уралдаан тэмцээнээр дамжуулан оюуны бэрхшээлтэй хүмүүст урам өгөх, бие бялдрын хөгжлийг сайжруулах мөн тэднийг адил тэгш эрхтэй иргэд гэдгийг олон нийтэд таниулах зорилготой юм.