Mobile version coming soon
Улаанбаатар хотыг утаанаас салгах гол арга зам орон сууцжуулах гэдэгт санал нэгдлээ
Буцах
2018 оны 01 сарын 11 өдөр

Өнөөдөр “Утаагүй Улаанбаатар” форум зохион байгуулагдлаа. Форумыг Монголын ипотекийн корпораци “Bloomberg TV Mongolia” телевиз, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран зохион байгуулсан юм. Форумд төрийн байгууллагын төлөөллүүд, байгаль орчны тэргүүлэх мэргэжилтнүүд, банк санхүү, технологийн салбарынхан болон төрийн бус байгууллага гээд салбар салбарын төлөөлөл оролцлоо.

“Утаагүй Улаанбаатар” хэлэлцүүлэг “Орон сууц-цэвэр агаар”, “Орон сууц-зах зээл”, “Орон сууц-тогтвортой санхүүжилт” гэсэн сэдвийн хүрээнд явагдсан.

“Орон сууц-цэвэр агаар” хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, НЗД-ын орлогч П.Баярхүү, эдийн засагч Ч.Хашчулуун, судлаач Х.Авирмэд нар оролцож, мэдээлэл өглөө. Иргэдийн оролцоотой байгаль орчныг сайжруулах жилийн хүрээнд гэр хорооллын айлуудын дэд бүтцийг сайжруулахаар эхний ээлжинд Сэлбэ, Баян-Хошууг эхний хоёр дэд төв болгож өнгөрсөн онд нийт есөн км бохирын шугам тавьсан. Энэ хавар цэвэр ус, дулааны шугам суурилуулна. Дараагийн дэд төв Дэнжийн мянга, Дамбадаржаа байгаа. Уг төсөл 2020 он хүртэл үргэлжилнэ” гэж  БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлэв. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Ч.Хашчулуун 100 айл, 3,4-р хороолол, Гандангийн гэр хорооллыг орон сууцжуулах нь утааг арилгах дорвитой алхам болно гэлээ.

“Орон сууц- Зах зээл” сэдэвт хэлэлцүүлгээр утааг бууруулах гарц нь орон сууцжуулах бөгөөд энэ талаар Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн мэдээлэл өглөө. 

Өнөөдрийн байдлаар нийслэлд 220 мянган айл гэр хороололд амьдарч байна. Улаанбаатар хотод гамшгийн хэмжээнд хүрээд буй утааны 80 хувь нь гэр хорооллоос гарч байна.  Зах зээлд 33 мянга орчим орон сууц бэлэн байна. Үүнээс 16 мянга нь дунд орлоготой иргэдэд зориулан баригдсан ч борлуулагдахгүй байна. 

2017 онд 7000 айлын орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаар барьсаны 5000 нь ипотекийн зээлд хамрагдсан байна. Эрэлт байна, баригдсан орон сууц байна. Асуудал нь иргэдийн орлого бага учраас орон сууцны зээлд хамрагдаж чадахгүй байна гэв.

Сангийн Дэд сайд Х.Булгантуяа:2018 онд ипотекийн зээлд 300 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Одоогоор Монголбанк ипотекийг хариуцан ажиллаж байна. 2019 оноос Засгийн газар өөр дээрээ авна. Ипотекийн зээлийг цаашид хэрэгжүүлэхдээ дараах гурван замаар хэрэгжүүлнэ. Ингэхдээ хүүгийн татаас, орон сууц түрээслэж байгаа иргэдэд орон сууцыг өмчлүүлэх, гэр хорооллын айл өрх утаагүй орон сууц өөрсдөө барихад нь төрийн зүгээс дэмжлэг үзүүлнэ гэж байсан. Түүнчлэн 2018 онд цахилгааны шөнийн тарифыг тэглэхэд Засгийн газраас 8.3 тэрбум төгрөг тусгасан талаар форумд оролцогчдод мэдээлэл өгөв.

“Орон сууц-тогтвортой санхүүжилт” хэлэлцүүлгийн үеэр 2013 оноос хэрэгжүүлсэн 8 хувийн орон сууцны хөтөлбөрийн талаар Монголын ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Б.Гантулга мэдээлсэн. Тэрбээр нийт ипотекийн зээлийн үлдэгдэл 2017 оны эцсийн байдлаар 4,2 их наяд төгрөг, зээлдэгчдийн тоо 93 мянгад хүрээд байна. Үүнээс 8 хувийн зээл буюу Орон сууцны тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийн хүрээнд олгогдсон зээл нийт ипотекийн зээлийн 78 хувийг бүрдүүлж байгаа талаар мэдээлэл өгсөн. 8 хувийн зээлд 3,2 их наяд төгрөг олгогдож, 68 мянган иргэн орон сууцанд орсон байна. Энэхүү 68 мянган иргэний зээлийн 60 хувийг МИК үнэт цаасжуулан орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан болохыг дуулгав.

Ипотекийн хоёрдогч зах зээлийн үр нөлөөгөөр 2013-2017 онд Тусгай зориулалтын 13 компани байгуулан 3 их наяд төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргалаа. МИК давуу эрхтэй бондын эргэн төлөлтөнд 760 тэрбум төгрөг буюу 12,500 иргэнд зээл олгох санхүүжилтийг бүрдүүлж өгсөн. Ирэх 2018-2020 онд давуу эрхтэй бондын төлбөр буюу Монголбанкинд жилд 384 тэрбум нийтдээ 1 их наяд төгрөг төлнө. Энэ нь жилд 6000 орчим иргэнд зээл олгох санхүүжилтийг бүрдүүлж өгөх талаар мэдээллээ.

Цаашдаа МИК төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан хамтарч ажиллах боломжтойн зэрэгцээ гадны зах зээл дээр барьцаат үнэт цаас, баталгаат үнэт цаас гаргахаар төлөвлөж буйгаа форумд оролцогчдод танилцууллаа.

3 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн форумын үеэр Улаанбаатар хотыг утаанаас салгах гол гарц, арга зам орон сууцжуулах гэдэгт оролцогчид санал нэгдэв.