Mobile version coming soon
''Утаагүй Улаанбаатар'' форум болно
Буцах
2018 оны 01 сарын 09 өдөр

''Bloomberg TV Mongolia'' телевизээс Барилга, хот байгуулалтын яам, Монголын ипотекийн корпорацитай хамтран  ''Утаагүй Улаанбаатар'' форум зохион байгуулах гэж байна.  Форум “Орон сууц-цэвэр агаар”, “Орон сууц-зах зээл”, “Орон сууц-тогтвортой санхүүжилт” гэсэн сэдвийн хүрээнд маргааш явагдана.

Эхний хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, эдийн засагч Ч.Хашчулуун, Цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Ж.Батбаяр, Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжил хариуцсан орлогч дарга П.Баярхүү нар оролцоно.

Дараагийн хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Монголын барилгачдын холбооны төлөөллүүд оролцох ажээ. 

Мөн Монголбанк, Монголын ипотекийн корпорациас 2013 оноос хэрэгжсэн 8 хувийн ипотекийн зээлийн хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх юм. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 68 мянган иргэн 8 хувийн орон сууцны зээлд хамрагдаж, орон байрны нөхцөлөө сайжруулаад байна.

Цаашид Утаагүй Улаанбаатарыг бий болгох гол арга зам иргэдийг орон сууцжуулах байна гэдгийг форумд оролцогчид хөндөх юм. Форумын үндсэн зорилго нь төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотыг утаанаас салгах шийдлийг хайж, ярилцах, нэгдмэл байр сууринд хүрэхэд чиглэнэ.