Mobile version coming soon
Ипотекийн даатгалын асуудлаар ярилцав
Буцах
2018 оны 03 сарын 16 өдөр

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-иас “Ипотекийн зээлийн даатгал”-ын асуудлаар дугуй ширээний уулзалт ярилцлага зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд арилжааны банкууд болон даатгалын компаниудын төлөөлөл оролцов.

Дугуй ширээний уулзалт, ярилцлагын эхэнд МИК-ийн Тэргүүн дэд захирал З.Мөнх-Оргил “Уулзалт ярилцлагын зорилго нь ипотекийн зээлийн даатгалыг урт хугацаат даатгалын бүтээгдэхүүний хэлбэрт шилжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдвэл санал, зөвлөмж боловсруулан улмаар төрийн болон зохицуулагч байгууллагад нэгтгэн хүргүүлэхэд чиглэсэн. Мөн ипотекийн зээлийн даатгалын сунгалтыг тасралтгүй үргэлжлүүлэхэд шаардлагатай аргачлал, шийдлийг олох, даатгалын эрсдэлийн хүрээг тэлэх улмаар нөхөн төлбөр олгогдохгүй байгаа  асуудал, нөхөн төлбөр олгоход хүндрэлтэй асуудлаар нэгдсэн ойлголтонд хүрэх ярилцах болно” гэж уулзалтын ач холбогдолын талаар нээж үг хэлэв.

Монголын банкны холбооны Даатгалын зуучлалын мэргэжлийн зөвлөлийн дарга Б.Мөнхдэлгэр хэлэхдээ: Даатгалыг банкууд зээлийн эрсдэл талаас нь бодлогын хувьд дэмждэг. Гэвч зээлдэгчид үүсч буй ачаалал, банкуудад ирж буй гомдол, саналыг бууруулах зорилгоор урьдчилгаа төлбөрт барьцаалж буй орон сууцыг даатгуулах сонголтыг зээлдэгчдэд нээлттэй үлдээх саналыг МБХолбооноос ЗГ-т хүргүүлсэн. Даатгалын компаниудын зүгээс үйлчилгээний чанар, хурдаа нэмэгдүүлэх, харин банкны тухайд даатгалын хураамжийг хэсэгчлэн төлөх боломжийг бүрдүүлэх талаар ярив. Тухайлбал ХХБ, Хасбанк ипотекийн зээлийн даатгалыг ийм арга замаар хийлгэж, үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Бусад банкууд ч мөн ийм байдлаар даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой гэв. Мөн даатгалын хамгаалалтын талаар зээлдэгчдэд бүрэн мэдээлэл өгөх, даатгалын ач холбогдлыг сурталчлах,  орон сууцны зээлийн төлбөр болон орон сууцны зээлийн даатгалын хураамжийн төлбөрийг ХХОАТатвар тооцох сууриас хасах зэрэг саналуудыг хөндөв.

Монголын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал “ Ипотекийн даатгалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд анхаарах зүйлс”-ийн талаар мэдээлэл өгсөн. “Ипотекийн даатгал хийх үйл ажиллагаа болон эрх зүйн орчны одоогийн нөхцөл байдал”-ын талаар танилцуулга хийв. Тэрээр Санхүүгийн зохицуулах хорооны 2017.05.17-ны №109 тоот тогтоолоор батлагдсан “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын  хүрээнд ипотекийн даатгалыг хийх, өөрөөр хэлбэл насны бүлгээр тооцоолж даатгуулагчийн хураамж тооцоологдох нь зүйтэй гэсэн. 

Мөн даатгалын хураамж, гэрээний сунгалтыг хугацаанд нь хийгддэг болгох, зээлийн сарын төлөлтөнд даатгалын хураамжийг тооцож оруулах санал хэллээ. Энэ нь эхний жил хураамжийг бүтнээр нь тооцон авч, дараа жилээс хураамжийг хуримтлал үүсгэх хэлбэрээр зээлдэгчдийн дансанд байршуулаад жилийн эцэст таталт хийх арга юм.

Түүнчлэн МИК-д зарагдсан зээлийн даатгалын сунгалтууд хийгдэхгүй байгаа тохиолдолд зээлийн хүүг энгийн хүүнд шилжүүлэхээр холбогдох журам, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, үүрэг гүйцэтгэгдэхгүй байгаа бол МИК-ээс гэрээг цуцлуулах боломж байдаг эсэх, байдаг бол хэрэгжүүлэх талаар хөндлөө.

МИК-ийн хэлтсийн захирал Х.Маргад-Эрдэнэ Ипотекийн зээлээр баталгаажсан бондын даатгалын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар МИК үндсэн болон хамтран зээлдэгчийн тоо нь 127’940 иргэний 65’156 зээлийг үнэт цаасжуулаад байна. Энэ нь нийт ипотекийн зээлийн 60 хувийг үнэт цаасжуулсан гэсэн үг. Гэтэл манай ипотекийн зээлээр баталгаажсан бондын багцын 50 хувь нь даатгалтай байна. Үлдэж байгаа 50 хувийг даатгуулахгүй бол тэр хирээр аль аль талдаа эрсдэл үүсэж байна. Иймд оролцогч талууд даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэхэд байр сууриа нэгтгэх үүднээс уулзалт зохион байгуулж байгааг дуулгав.

Оролцогч талууд эхний удаад даатгалын асуудлаар байр сууриа нэгтгэх, даатгалын ач холбогдлын талаар сурталчилгаа явуулах, ипотекийн зээлд хамрагдсан иргэн амь нас, эд хөрөнгөө даатгуулснаар эрсдэлээс хэрхэн сэргийлж байгааг олон нийтэд ойлгуулах, сургалт зохион байгуулах талаар санал нэгдлээ.

Энэхүү арга хэмжээнд Монголын банкны холбоо, 11 банк, Монголын даатгагчдын холбоо, даатгалын 16 компанийн төлөөлөл оролцож, санал бодлоо солилцон, мэдээлэл сонсов.

Сонирхуулахад 8 хувийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн 5 жилийн хугацаанд 1,5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчдад өгсөн байна.