Mobile version coming soon
Орон сууцны мөрөөдлөөр тоглогсод
Буцах
2012 оны 04 сарын 09 өдөр

Орон сууц гэдэг нь "паартай байшин, паалантай жорлон"-г хэлээд байх шиг байгаа юм. Түүнээс орон сууцгүй монгол айл гэж хаа байхав дээ. Өвөлдөө хасах 50 хэм хүртэл хүйтэрдэг энэ оронд орох оронгүй бол осгож үхнэ биз дээ. Траншейний хэдэн нөхдөөс бусдад өөрийн гэсэн орон байр бий. Залуус ажил, сургууль, цэцэрлэгтээ ойртохын тулд түрээсийн байр хөлсөлдөг.

Энэ нь дэлхийн бүх хотуудын жишиг амьдрал. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн бүх орлого цементлэсэн дөрвөн хана бүхий үхмэл хөрөнгө болчихоор цааш яаж амьдрах болж байна. Ажил хийж амьдарч байгаа төрийн болон хувийн хэвшлийнхэн гэр орондоо шөнийн бор хоногтоо л очдог болохоор манайхаас бусад газрын хотод амьдрагсад эхлээд ажилдаа ойр нөхцөлийг чухалчилдаг. Өдөр цайгаа уух гээд хотын төвөөс "Таван шар" дахь орон сууц руугаа давхидаг гэр амьтай байлаа ч бүтэшгүй. Эсвэл орон сууцтай болчихоороо гэрээсээ гарахаа больж өдөр турш зурагт үзэн оймс нэхээд суучихдаг юм уу.

Улаанбаатарт орж ирэгсдийн гурван үеийнхний мөрөөдөл нь энэхүү орон сууц гэгч юм. Хуучин цагт бол хотод хоёр өрөө байртай болчихвол амьдралын дээд туйлдаа хүрчихэж байгаа нь тэр. Одооны чиг хандлага бол түр амьдрах байр тэгж байгаад амьдрал боломжийн болоод ирвэл нэг мөсөн хаустай болоод авах тийм л бодол өрхийн тэргүүнд яваа. Энэ үнэн үү? Эсвэл би амьдралаас тасарсан юм бичээд байна уу ?

Үе үеийн хүмүүсийн мөрөөдөл дээр улстөрчид тоглолт хийн "100 000 айлын орон сууц" гэдэг синдромыг бий болгон айлын эхнэрийг нойртой хонуулахаа болиуллаа. Одоо дээр нь нэмээд зургаахан хувийн хүүтэй хямдхан байр. Тэр нэг юмнаас нь хоцорчихвол хэзээ ч Баянхошууны эцсээс хотод нүүхээсээ өнгөрч балрах гээд байдаг. Нүүрсний үнс угаартай ноцолдохгүй, өдөр болгон усанд ордог дулаан байранд амьдрахыг бодолгүй яахав.

Энэний төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй мөрөөдөл дээр нь өнөөдрийн улс төр, сонгууль тоглолтоо хийж байна. [АН, МАН хоёулаа шүү]. За тэгвэл орон сууцтай болчих боломж нээрэн байгаа юм уу гээд хөөцөлдөөд үзэхээр нэг л биш ээ. Явж явж төр засаг биш арилжааны хувийн банкууд л бухнийг шийдэх юм байна. Банкныхан ажилтай амьдралтай хүнд л итгэж зээл өгнө. Тэгээд л гүйцээ. Нэгэнт ажил төрөлтэй хоёулаа нийлээд сард саяаас дээш мөнгө олчихдог юм бол заавал тэгж банкныханд шулуулан шулуулан ганц өмгөр өрөө авч элэнцэгээ хийх юм.

Барилгын компануудын галзууруулсан үнэн дээр банкны зургаан хувийн хүүтэй зээл нэмэгдчихээр шууд стрессэнд оруулж байна. Барьцаа нэхэж байна. Нэхэлгүй яахав. Барилгын компанийн барих гэж байгаа болон бариад дутуу яваа байшингаар нь барьцаалж урьдчилсан мөнгө өгөхгүй гэнэ. Аль ч банк тийм яхир байдаг. Тэрний оронд аав ээжийнхээ байрны ордерийг аваад ир гэчихжээ. За больё чи минь. Түрүүхэн ХЗХ-нд мөнгөө өсгөх гэж тавиад хашраачихсан.
Одоо ямар нүүрээрээ гуйх юм. Авгай нөхөр хоёрын дунд ийм л хэрүүл явж байна. Орон сууцны зээлэнд найдах ганц л юм бий. Тэр нь тэнэг улстөрчид улс орныг дампууруулаад ирээдүйд төгрөг чихрийн цаас шиг болчихвол ч хожоод хоцорно шүү. Гэвч одоо тэгээсэй хэмээн муу ёрлолтой бишдээ. Нийслэл болон томоохон хот сууринг нэн даруй орон сууцжуулах тухай яриа анх гэр хорооллын утаанаас үүссэн юм. Гэр хороололгүй байх нь "G" хорооллынхноос дутахгүй орон сууцныхан, эрх баригчдын ч эрх ашигт хамаатай асуудал.

Эндээс уугих утаа хамгаалалтыг даван "Их Тэнгэр"-ийн аманд хүртэл оччихож байгаа юм чинь. Уг нь нүүрсний утаа узэгдэх бараа нь аймаар болохоос энэ олон машины яндангийн утаанаас бага хортой эд л дээ. Тэгээд л гэр хорооллыг хотын төвөөсөө эхлэн шахах компанит ажил өрнөж гарлаа. Социализмын үеийн "Аман хуур" кинон дээр гардаг шиг айлуудыг шууд газарт оруулаад хөөчихдөг цаг өнгөрсөн.

Хотын дарга Г.Мөнхбаяр энэ ажлын "шаварт унасан шарын эзэн" нь. Тэрээp айлуудын газрыг авч оронд нь мөнхийн мөрөөдөл орон сууц өгөхөөр амлалаа. Гуйлаа, үл ялиг сүрдүүлж ч үзсэн байх. Энэ "Зуун айл" хавиар овоо их газар чөлөөлөед авчихсан харагдсан. Ямар ч байсан яриад зүгээр суугаагүй эрх мэдлийнхээ хэмжээнд хангалттай сайн ажилласан. Газраа ганц өрөө байрнаас өгөөд нүүгээд явчихаж байгаа айлуудыг орон сууцтангууд гаднаа өрөвдөж байгаа ч дотроо бол ашгүй нэг далд орцгоолоо хэмээн баярлалдаж байна. Мөнхбаяр даргаа сайн байна хөөгөөд байгаарай. Болохгүй бол булаагаад хураагаад авсан ч яадгийм тээ.

Гэтэл УИХ-ын гишүүн бай-сан одоо дахиад өрсөлдөхөөр нэр дэвшүүлж буй Батын Батбаатар тэргүүтэй АН-ын нөхдүүд өөр байр суурь илэрхийлэх боллоо.
Тэр нь товчхондоо бол айлууд руу траншейний нүх ухаад дулаан, цэвэр бохир усны шугам татчихаач дээ. Өөрөөр хэлбэл дэд бүтцийг нь хангаад өг. Тэгээд өгөхөөр айлууд тус тусдаа нүүрс түлэхээ болино. Утаа байхгүй. Тэнд байгаа айлууд ихэнх нь ядаж нэг шавар тагзтай болохоос гэртэй нь цөөхөн.

Тэдний гэрт халуун хүйтэн усны крант ба боловсон жорлон ороод ирлээ. Энэ л байхад "Дөчин мянгат"-ынхнаас ялгаагүй болчихож байгаа юм. Ингээд өгөхөөр газар жинхэнэ үнэд орж юун нэг өрөө байр. Харин ч хотын төвийнхөн тийшээ хошуурцгааж байран дээрээ машинаа гарааштай нь өгөөд хашааг чинь авъя гэцгээх болно. Хашааг нь авангуутаа шавар амбаарыг нь хог дээр аваачиж хаяад хоёр давхар хөөрхөн хаус барьчихалгүй яахав.

Бас болоогүй тойроод арван алхам хөөрхөн эдлэн газартай. Тэгж чадаагүй нэг нь тэгж чадталаа амьдраад сууж л байна биз. Ямар ч асуудалгүй. Энэ бас их гоё санаа шүү.

Гэхдээ энэ ажиллагаанд Мөнхбаяр бас хэрэг болно. Түүнд хамаг муу нэрийг зүүж өгөөд ядаж траншейн ухах газраа айлуудаас салгаад авах хэрэгтэй. Дараа нь яахав Мөнхбаяр гэгч этгээд хайран сайхан ард түмнийг минь газраас нь салгачихсан байн шүү хэмээн бичинэ.

Төрөөс айлуудад орон сууц барьж өгөх гээд байгаа юм шиг төөрөгдүүлээд байна. Эсвэл маш хямдхан орон сууц зарах ч юм шиг. Төрийн хийж чадах ба хийх ёстой ажил бол иргэд рүү зам тавьж, дэд бүтэц татах ёстой. Энэ ажилдаа үргэлж хойрго хандсаар ирсэн байдаг. Захын хороололд зөвхөн цахилгааны утас татах гэж хичнээн жил болдог. Гэтэл дэд бүтцийн төсөв зөвшөөрөл бүтээд эхэлмэгц хэн нэг нь дундаас орж ирээд "Би орон сууцыг нь барьж өгөөд ашиг олъё" хэмээн улам түвэгтэй нүсэр ажиллагаа болгочихлоо.

Сүүлдээ бүр томоохон мөнгө хүүлэгчдийц [далд эзэд нь эрх баригчид өөрсдөө нь ойлгомжтой] талд илэрхий үйлчилж дэд бүтцээсээ өмнө орон сууц нь баригдаж зөвхөн түүнд нөгөө хямд хүүтэй зээлүүд урсч орлоо. Хотод амьдрагсдын талаас илүү нь ямар нэгэн орлого бүхий ажилтай, багавтар газартай. Тэдний хажууд нь дулааны шугам хүрээд ирвэл бараг үнэгүй орон сууцанд орчихлоо л гэсэн үг. Тэгэхгүй заавал газрыг нь булааж авч хаа ч юм нэг нөхрийн газар хөдлөлтөд нураад уначихаар барьсан есөн давхар руу чихэх гээд байна.

Цаана нь үлдэж байгаа газар ч үгүй, ажил ч үгүй нөхдүүдэд төр арилжааны банк хоёр байшин байтугай гэр ч барьж өгөхгүй нь тодорхой. Тэдэнд зориулж хямд түрээсийн бодлого бодвол зохимжтой. Тэр булаалцалдаад байгаа "нэг өрөө" байр гэдэг чинь ёстой хөгийн юм байна билээ. Улс орон цаашид баян болж хөгжих цагт тийм байранд оюутан ч тоож түрээслэхгүй. Улаанбаатар нүсэр болж, барууны хэв маягаар хөгжиж байна. Одоо хэдхэн жилийн дараа дундаж амьдралтай иргэд арван хэдэн давхар бүхий хороололд машинаа тавих ч газаргүй шавааралдан амьдрахаас залхана.

Том хотууд манай энэ хорооллын барилгыг "Нийтийн байр" гэдэг. Тэгээд нийтийн байранд хулгай дээрэм есөн шидийн хэрэг гардаг гээд хүүхдээ ч тийш зүглүүлдэггүй юм билээ. Бид одоохондоо тэр нийтийн байр бүү хэл чүү чамай таван ханатай гэртэй байгаа учраас л олзлогдоод явна. Тийм л сайн засаглалтай, ард түмнээ бодсон улстөрчид юм бол гэр хороолол руу улсын төсвөөр дэд бүтэц барьчихгүй яасан юм. Тэгэхээр өөрсдөд нь ашиггүйгээр барахгүй ард түмэн аймаар том үл хөдлөх хөрөнгөний эзэн болцгоож олигархиудыг "диптаад"-ад сонгохоо больчихно.

Монгол ба Улаанбаатар арал дээр байгаа биш газар хангалттай. Орон сууцны барилгыг дөрвөөс дээш давхарлаж барих шаардлага байхгүй. Хотын төв рүүгээ өндөр өндер хороолол босгочихоод дараа нь яаж тийшээгээ орох юм бэ?. Орон сууц асуудал биш утаа нь харин асуудал байж ма-гадгүй. Гэхдээ л энэ хоёр сэдэв бол давс нь аль эрт ихэдсэн шоу юм. Далимд нь хэдэн сэргэлэн гарууд жаал мөнгөжиж байх шив.

Ж.Гангаа
Эх сурвалж: "Нийслэл таймс"