Mobile version coming soon
Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны эдийн засгийн өгөөжийг харуулсан судалгааг танилцууллаа
Буцах
2026 оны 02 сарын 09 өдөр

Орон сууцны салбарт хэрэгжүүлэх эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийн экстерналити (дам) зардал, үр ашгийг тооцож үнэлсэн цогц судалгаа хийгдэж, түүний үр дүнг холбогдох талуудад танилцууллаа. Энэхүү судалгаа нь агаарын бохирдлыг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийн урт хугацааны үр ашгийг нэмэгдүүлэхэд эрчим хүчний хэмнэлттэй орон сууц чухал үүрэгтэйг тодорхой харуулж байна.

Судалгааг Европын Холбооны Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар, Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөр, Орон сууцны сан, Ногоон хөгжил ба жендерийн тэгш байдлын дэлхийн холбоо, Францын Хөгжлийн Агентлаг (AFD), Жэрэс Олон Улсын ТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар, Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төв (BEEC), Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ, Монголын Ногоон Санхүүгийн Корпораци, Монголын Эмэгтэйчүүдийн Сан зэрэг байгууллагын хэрэгжүүлэлт, дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Дулаан шийдэл-II (SOAP-II)” төслийн хүрээнд гүйцэтгэж, амины орон сууцны дулаалга, угсармал орон сууцны шинэчлэл, эрчим хүчний хэмнэлттэй шинэ орон сууц барих зэрэг хувилбаруудыг санхүүгийн болон эдийн засгийн үүднээс харьцуулан үнэлжээ. Онцлог нь эрүүл мэнд, байгаль орчин, уур амьсгалд үзүүлэх нөлөөллөөс үүдэх дам зардал, үр ашгийг мөнгөн дүнгээр тооцон тусгасанд оршино.

Судалгааны үр дүнгээс үзвэл эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх нь жил бүр 357 сая ам.доллароос давсан нийгэм, байгаль орчны алдагдал үүсгэж байгаа бөгөөд зарим дулаалгын арга хэмжээний эдийн засгийн өгөөж 69 хувьд хүрч байна. Мөн PM2.5 тоосонцорын бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндийн зардлыг мэдэгдэхүйц бууруулах боломжтойг харуулжээ.

Энэхүү судалгаа нь олон талын санхүүжилт, дэмжлэгтэйгээр хэрэгжсэн бөгөөд Монголын Ипотекийн Корпораци (МИК) нь уг судалгааг санхүүжүүлэгч талуудын нэгээр оролцсон юм. МИК-ийн энэхүү оролцоо нь орон сууцны салбарт эрчим хүчний хэмнэлттэй, тогтвортой шийдлүүдийг дэмжихэд тус байгууллага онцгой анхаарал хандуулж буйн илрэл бөгөөд хариуцлагатай санхүүжилтийн бодлогынх нь нэг хэсэг юм.

Судалгааны үр дүн нь цаашид орон сууцны бодлого боловсруулах, ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад чухал ач холбогдолтой бөгөөд банк, санхүүгийн байгууллага, бодлого тодорхойлогчид, хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагаанд бодит суурь болохоор байна.

МИК нь цаашид ч эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцыг дэмжих, энэ чиглэлийн судалгаа, санаачилга, санхүүжилтийн шийдлүүдэд анхаарал хандуулсаар байна гэдгээ илэрхийллээ.