Mobile version coming soon
МИК ГРУПП КОМПАНИ АНХ УДАА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРУУЛАЛТЫН ТАЙЛАНГ БОЛОВСРУУЛЖ, ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД ТАНИЛЦУУЛЛАА
Буцах
2025 оны 05 сарын 02 өдөр

МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод мэдээллээ. Уг тайланг “МИК ОССК” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Удирдлагын Хорооны шийдвэрийн дагуу англи, монгол хэлээр бэлтгэгдэж, компанийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй нийтлэхээр шийдвэрлэсэн.

Тайлан нь Дэлхийн Нөөцийн Институт болон Дэлхийн Тогтвортой Хөгжил Бизнесийн Зөвлөлийн хамтран боловсруулсан “Хүлэмжийн хийн протокол” (GHG Protocol), ISO 14064-1:2018 стандарт, мөн санхүүгийн салбарын хүлэмжийн хийг тооцоолох олон улсын PCAF (Partnership for Carbon Accounting Financials) санаачлагын аргачлалд тулгуурлан боловсруулагдсан. Энэ хүрээнд МИК нь зөвхөн өөрийн үйл ажиллагаанаас бус, санхүүжүүлсэн хөрөнгө буюу хөрөнгө оруулалт, ипотекийн зээлийн багц зэрэгтэй холбоотой шууд бус ялгарлыг ч хамруулан тооцоолжээ.

МИК Холдинг ХК нь 2023 онд “PCAF”-ийн санаачлагад нэгдсэнээр, гурван жилийн дотор өөрийн үйл ажиллагаанаас шууд болон шууд бусаар ялгаруулж буй хүлэмжийн хийн ялгаруулалтыг стандартын дагуу хэмжиж, ил тод мэдээлэх үүрэг амлалт хүлээсэн билээ. Энэхүү алхам нь Монгол Улсад санхүүгийн байгууллагууд хүлэмжийн хийг тооцох, тайлагнах чиглэлээрх бодит жишээ болж буйгаараа онцлогтой юм.

Ийнхүү МИК Групп нь тогтвортой хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх, байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын зарчмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хүлэмжийн хийн бууралтад хувь нэмэр оруулах стратегийн зорилтыг тууштай хэрэгжүүлж байна.