Mobile version coming soon
Зээл хойшлуулалт

“КОВИД-19” цар тахлын үед ипотекийн зээлтэй иргэдийн зээлийн дарамтыг бууруулж, дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас  ЗГОСИЗХ-т хамрагдсан иргэдийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэрийг анх 2020 оны 4 дүгээр сард гаргаж, Монголбанк, “МИК ОССК” ХХК  болон хөтөлбөрт оролцогч банкууд уг үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлсэн.

Монгол Улсын Их Хурлаас “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн үйлчлэх хугацааг нийт 5 удаа сунгаснаар төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хойшлуулж, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунган ажилласан.

Эдгээр шийдвэрийн дагуу компани нь нийт 57,032 зээлдэгчийн 2.9 их наяд төгрөгийн зээлийг хүү хуримтлуулахгүйгээр 32 сарын туршид хойшлуулсан байна. Нөгөө талаар эдгээр зээлийн санхүүжилт болох ИЗББ-ын купоны төлбөрийг цаг хугацаанд нь аливаа зөрчилгүйгээр эргэн төлж ирсэн нь ипотекийн зээлтэй 100 гаруй мянган өрхөд эдийн засгийн тогтворгүй нөхцөлд өрийн дарамтаас чөлөөлөгдөн, санхүүгийн хүндрэлийг даван туулахад компанийн тусалсан нийгмийн хариуцлагын томоохон ажил болсон юм.   

Соёлын үнэт өвийг хамгаалав

“МИК Холдинг” ХК-ийн охин компани болох ”МИК ОССК” ХХК нь 2021 онд 15 жилийн ойн хүрээнд нийгэмд чиглэсэн ажлууд хийхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээр ажлуудын нэг нь Монголын уран зургийн галерейн урын сангийн үнэт бүтээлүүд болох  Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, МУЭ-ийн шагналт зураач М.Бүтэмжийн “Ботгон цагаан үүлс” (1977), Ардын зураач, төрийн шагналт Б.Амгалангийн “Капитализмыг алгассан нь” (1961) уран зургуудыг сэргээн засварлах ажлыг эхлүүлж байсан бол төсөл амжилттай хэрэгжин сэргээн засварласан бүтээлүүдийг Монголын уран зургийн галерейд  2022 оны сүүлээр хүлээлгэн өглөө.

Тэрбум мод хөдөлгөөнд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд "МИК Холдинг" ХК нэгдэж, нэг сая мод тарихаар болов. Тодруулбал, санхүүгийн салбар, мэргэжлийн холбоод уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин, 2030 он хүртэл хугацаанд мод тарьж ургуулж, арчлан хамгаалахаа баталгаажуулан гарын үсэг зурсан.

Орчны тохижилт

Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс буулгаж, хотын өнгө үзэмж, тохижуулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх НИТХ-ын шийдвэр болон Засаг даргын захирамжийг “МИК Холдинг” ХК дэмжин, хашаагаа буулгаж, хайлаас мод тарьж, гадна орчны тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Чингис хааны музейн сан хөмрөгт

Чингис хааны музейгээс өөрийн сан хөмрөг болон хувь цуглуулагч,  мэргэжлийн байгууллагуудын сан хөмрөгт буй хаад, язгууртны түүхэнд хамаарах ховор сонин дурсгалуудыг нэгтгэн “Талын язгууртны өв соёл” нэрээр анхны цувралыг гаргаад байна. Чингис хаан музейн “Талын язгууртны өв соёл” цуврал цаашид үргэлжлэн гарах юм. МИК нь тус цувралын анхны дугаарыг хэвлүүлэх зардлыг нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлсэн.