Mobile version coming soon
Бизнесийн загвар

Компани нь Үнэт цаасжуулах үйл ажиллагаа болон Хөрвөх чадвар бий болгох бизнесийн үйл ажиллагааны үндсэн хоёр загвартай.

Үнэт цаасжуулах үйл ажиллагааны загвар
Засгийн газраас хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээлийн үйл ажиллагааны дагуу олгосон ипотекийн зээлийг буцаах нөхцөлгүйгээр багцлан худалдан авч тусгай зориулалтын компаниар дамжуулан ипотекийн зээлээр баталгаажсан бондыг гаргах үйл ажиллагаа юм. Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас тогтмол хүүтэй бөгөөд үнэт цаас нь Давуу эрхтэй (арилжсан бондын үнийн дүнгийн 90%) болон энгийн (арилжсан бондын үнийн дүнгийн 10%) бондоос бүрддэг.

Хөрвөх чадвар бий болгох үйл ажиллагаа:
Арилжааны банкуудаас зах зээлийн хүүтэй ипотекийн зээлийг буцаах нөхцөлтэйгөөр худалдан авч компанийн баланс дээр шилжүүлэх үйл ажиллагаа бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь арилжааны банкуудын хөрвөх чадварыг сайруулах шинээр ипотекийн зээлийн эх үүсвэрийг бий болгох ач холбогдолтой. Компани нь өрийн болон Германы сэргээн босголт хөгжлийн банкнаас олгосон бодлогын зээлийн эх үүсвэрийг ашиглан ипотекийн зээлүүдийг буцаах нөхцөлтэйгөөр худалдан авах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Үнэт цаасжуулах

Банк, санхүүгийн байгууллагуудын  тайлан тэнцэл дэх урт хугацаатай ипотекийн зээл, бусад санхүүгийн авлагуудыг, түүнээс бий болох мөнгөн урсгалыг нэгтгэж хөрөнгө оруулагчдад чиглүүлэн  үнэт цаас гаргах замаар шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг хөрөнгийн зах зээлээс татахыг үнэт цаасжуулах гэдэг.

Бид Монгол улсын орон сууцны санхүүжилтийн тогтолцоонд урт хугацаат ипотекийн зээлийг санхүүгийн хэрэгсэлд шилжүүлэх замаар зээл олгогч банкуудын хөрвөх чадварыг сайжруулах, улмаар орон сууцны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэж байна.

 “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль”-ийн  дагуу “МИК ОССК” ХХК нь Тусгай зориулалттай компаниудыг (ТЗК) үүсгэн байгуулж, холбогдох тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авснаар Ипотекийн Зээлээр баталгаажсан үнэт цаас (ИЗББ)-г хөрөнгийн зах зээлд арилжих эрхтэй болдог.

Монгол улсын Засгийн газар болон Монголбанк нар хамтран хэрэгжүүлж буй “Орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үйл ажиллагаа”-ны хүрээнд МИК нь 13 удаагийн хэлцлийг амжилттай гүйцэтгэж 3.1 их наяд төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг ИЗББ-оор арилжаалаад байна. Үүнээс 2017 онд 10, 11, 12, 13 дахь удаагийн ТЗК-иудаар дамжуулан 605.6 тэрбум төгрөгийн ИЗББ-г орон сууцны ипотекийн зээлийн хөрөнгөөр солих хэлцлийг гүйцэтгэлээ.

Хөрвөх чадвар бий болгох

“МИК ОССК” ХХК нь орон сууцны зээл олгогч банкуудын хөрвөх чадварыг сайжруулах, банкуудаар дамжуулан иргэдэд орон сууцны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны зээлийн хөрөнгийг багцлан зээлийн багцын үнийн дүнгээр багцлан худалдан авах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Бид өөрийн эх үүсвэрээр болон Германы сэргээн босголт зээлийн банк (KWF)-ны орон сууцны санхүүжилтийг дэмжих төслийн хүрээнд арилжааны 11 банк болон 1 ББСБ-аас нийт 59 удаагийн буцаах нөхцөлтэй буюу зээлийн эрсдлийг зээл олгогч хариуцах нөхцөлтэй (PWR) хэлцэл хийгээд байна.

Буцаах нөхцөлтэй худалдан авсан зээлийн хөрөнгийн багц дахь зээлийн эргэн төлөлт нь бүхэлдээ эсвэл хэсэгчлэн 90-ээс дээш хоног хугацаа хэтэрч чанаргүй зээлийн ангилалд орсон тохиолдолд тухайн зээлийг худалдагч талд буцаан худалдан авах эсхүл ойролцоо дүнтэй, ижил нөхцөлтэй шалгуур хангасан зээлийн хөрөнгөөр солих үүрэг хүлээдэг. Ингэснээс тухайн зээлийн хөрөнгийн багц дахь зээлийн эрсдлийг зээл олгогч бүрэн хариуцдаг тул худалдан авагч буюу МИК-ийг эрсдлээс тусгаарладаг зохицуулалтай.

2015, 2016 болон 2017 онуудад МИК-д худалдагдсан боловч зээлийн эргэн төлөлт нь 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн 55.2 сая төгрөг, 753.8 сая төгрөг болон 728.4 сая төгрөгийн орон сууцны зээлүүдийг зээл олгогч банкуудад буцаан худалдсан байна.

Германы сэргээн босголт зээлийн банк (KFW)-ны эх үүсвэрээр хэрэгжүүлж буй төсөл:

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан “Монголын ипотекийн зах зээлийг хөхиүлэн дэмжих төсөл”-ийн зээлийн хэлэлцээр 2010 оны 5 дугаар сарын 6-ны өдөр УИХ-аар соёрхон батлагдсан. Зээлийн хэлэлцээрт тохиролцсоны дагуу “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-д 4.8 сая еврог Монгол улсын Сангийн яамаар дамжуулан зээлдүүлсэн.

Энэхүү төсөл нь Монголын ипотекийн барьцаат зээлийн системийг дэмжих, санхүүгийн системийг өргөжүүлэн хөгжүүлэх, орон сууцны санхүүжилтэд хувь нэмэр оруулах зорилготой ба арилжааны банкуудаас 70 хүртэлх сая төгрөгийн хэмжээтэй, 10 хүртэл жилийн хугацаатай олгогдсон, 3-6 сар насжсан зээлийг багцлан худалдан авснаар тус арилжааны банкуудын орон сууцны урт хугацаатай зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, улмаар Засгийн газрын орон сууцжуулах хөтөлбөрийг хангахад чиглэж байна. Зээл хүртэгчид нь бага орлоготой гэр хорооллын өрхүүд байх бөгөөд тэдэнд чиглэсэн зээлийн  шалруурын доод түвшинг тогтоож, аль болох олон санхүүгийн зуучлагч санхүүгийн байгууллагуудыг хамруулах зорилготой.

Төслийн хүрээнд анхны зээлийн хөрөнгийн багцыг 2011 онд Капитал банктай хийснээс хойш 2017 оны эцсийн байдлаар нийт 22.5 тэрбум төгрөгт хамаарах 30 удаагийн хэлцлийг хийж гүйцэтгэж, зээл олгогч банкуудыг урт хугацаат эх үүсвэрээр хангасан байна.

МИК-ийн дотоод эх үүсвэрээр банкуудаас зээлийн хөрөнгийн багц худалдан авах үйл ажиллагаа:

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК өөрийн сул чөлөөтэй эх үүсвэрээр зээл олгогч банкуудад урт хугацаатай, бага зардалтай эх үүсвэр олгох үйл ажиллагааг үйл ажиллагааны үндсэн чиглэл болгон ажиллаж ирлээ.

 

2009 онд Зоос банкнаас 0.5 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийн хөрөнгийн багцыг буцаах нөхцөлтэйгээр зээлийн хөрөнгийн багцыг худалдан авах хэлцлийг гүйцэтгэснээс хойш нийт 29 удаагийн 60 тэрбум төгрөгийн хэлцлийг гүйцэтгээд байна. Ингэснээр бид үүнтэй тэнцэхүйц хэмжээний зээлийн эх үүсвэрийг банкуудад олгон орон сууцны зээлийн хүртээмжийг тэр хэмжээгээр нэмэгдүүлсэн байна.