Mobile version coming soon
Ц.Баярсайхан: Зургаан хувийн зээлийг удахгүй зогсооно
Буцах
2013 оны 06 сарын 12 өдөр

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай ярилцлаа.

-Жилийн зургаан хувийн зээл авч чадаагүй иргэд өлсгөлөн зарлахдаа хүрч, Засгийн газар ч барьц алдах шиг боллоо. Тэгэхээр орон сууцны моргейжийн зээл яагаад тасалдчихсан юм бэ гэдгээс яриагаа эхлэе?

-Банкууд 2003 оноос моргейжийн зээлийг хэрэгжүүлэх үед зээлийн байдал ч, эргэн төлөлт ч маш сайн байсан. Гэтэл төрийн албан хаагчийн найман хувийн, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн зургаан хувийн зээл гээд богино эх үүсвэрээр урт хугацааны зээл өгч эхэлснээр асуудал хүндэрсэн. Төрийн албан хаагчийн 4000 орон сууцны зээлийг гаргасан 2009 онд эдийн засаг хүндрэлтэй байсан.

Тийм учраас барилгын салбараа ч дунд орлоготой иргэдээ ч дэмжих үүднээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Банкуудын бараг оролцоогүйгээр Засгийн газар өөрөө зохион байгуулаад, санхүүжүүлэлт хийсэн. Дараа нь зургаан хувийн зээлийг гаргахдаа гаднаас бараг долоон хувийн хүүтэй зээлийг ам.доллараар таван жилийн хугацаатай авч, иргэдэд 20 жилийн хугацаатай зургаан хувийн хүүтэйгээр өгсөн. Энэ хүүгийн зөрүү болох 3,37  хувийг өнөөдөр ч төсөвт суулгаагүй хэвээр байна. 4-5 жилийн дараа энэ зээлийн эргэн төлөлтийн асуудал дахиад яригдах болно. Ийм хүндрэлүүд гарч байгаа учраас моргейжийн зээлийг аль болох улс төрөөс ангид, эдийн засгийн зөв голдрил руу нь оруулахыг бид зорьж байна. Банкуудынхаа зээлийн хүүг бууруулья, эх үүсвэрийг нь бүрдүүлье, барилгын компаниудаа нийлүүлэлт талаас нь дэмжье гэж. Нөгөө талаас энэ урт хугацааны зээлд ямар орлоготой хүмүүсээ хамруулах вэ гэдэг бодлогоо их тодорхой болгох ёстой. Мэдээж өндөр орлоготой хүмүүсийг энэ зээлд хамруулах зорилт тавихгүй. Иргэдийн орлогыг 100 баллаар үнэлээд  80-аас доош, 50-иас дээш орлоготой хэсэгт нь зориулж, 20 жилийн хугацаатай моргейжийн зээлийг олгоно. Мөн 50-иас доош орлоготой хэсэгт төрөөс бодлого хэрэгжүүлж, хувийн өмчийн газарт нь амины орон сууц барих ч юм уу, хашаа байшингаа орон сууцаар солих боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Мөн түрээсийн орон сууц бий болгох хэрэгтэй байна. Дунд хэсгийн зээлийн хүү өндөр, одоо дунджаар 16 хувьтай байна. Хүүг бууруулахын тулд зээлийн эх үүсвэрийг моргейжийн хоёр дахь зах зээл дээр гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, багцлаад хөрөнгийн зах зээл дээр гаргахад түүнийг нь худалдаж авах сонирхол төрүүлэхүйц хэмжээний баталгаатай зээл байх ёстой. Тэгэхгүйгээр зургаа, найм, эсвэл долоо хувийн хүүтэй зээлийг худалдаж авах сонирхол хөрөнгө оруулагчдад алга. Зах зээлтэй нь уясан зээлийн системийг бий болгохгүй бол хүндрэлтэй байна. Энэ дундаас зохицолдолгоог нь олсон хөтөлбөрийг гаргахын тулд Засгийн газар ажиллаж байна. Гадна, дотны туршлагыг судалж, ТББ-ууд банкууд, Монголбанк болон салбарын яамдуудтайгаа хамтарч ажиллаж байна.

-Төрийн албан хаагчдын 4000 өрхийн орон сууцны найман хувийн зээл, дараа нь гаргасан зургаан хувийн зээл бол угаасаа моргейжийн зээл биш, тухайн үеийн улс төрийн шийдвэрүүд байжээ гэсэн үг үү? Түүнээс өмнө банкуудын олгосон моргейжийн зээл хэр олон хүнд хүрсэн бэ?

-Үндсэндээ 2003 оноос манайд моргейжийн тогтолцоо бий болсон. Үнэт цаасаар баталсан хөрөнгийн тухай хууль, Ипотекийн хууль, Хөрөнгийн үнэлгээний хуулиуд батлагдан, эрх зүйн үндсийг нь бүрдүүлсэн. Дээр нь манай арилжааны банкууд, Монголбанк оролцоод моргейжийн зээлийг хоёр дахь зах зээл дээр гаргадаг институтыг нь байгуулсан.

-Монголын ипотекийн корпораци уу?

-Тийм ээ. Энэ бол Засгийн газрын оролцоогүй, арилжааны банкуудын байгуулсан, арилжааны банкуудад байгаа моргейжийн зээлийг багцлан хоёр дахь зах зээлд гаргадаг байгууллага. 2003 оноос хойш 28000 орчим иргэнд 857 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ бол яг зах зээлийнхээ зарчмаар явж байгаа зээл. Одоо арилжааны банкуудад зээлийн эх үүсвэр байхгүй, мөнгөгүй учраас энэ ажлаа хийж чадахгүй байна. Тийм учраас одоо бид эхлээд МИК-ээс үнэт цаас гаргаж, хуулийн дагуу Монголбанк мөнгөжүүлэх талаар төв банктай ярилцаж байгаа юм. МИК-ээс гаргаж байгаа үнэт цаасыг мөнгөжүүлж, арилжааны банкууддаа өгөөд, моргейжийн зээлээ олгон, уг зээлээ дахиад хоёр дахь зах зээлд гаргаж хөрөнгийн эх үүсвэр бий болгон буцаагаад арилжааны банкууд руугаа оруулах бололцоотой. 

-Тэгвэл ОССК-ийг яагаад байгуулсан юм бэ?

-Улаанбаатар хот, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Сангийн яам хамтарч байгуулсан. Эндээс мөн 170 тэрбум төгрөгийн зээл олгогдчихсон байгаа. Зургаан хувийн хүүтэй зээлд гэхэд өмнөх онд 50 тэрбум, он гараад 30 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. ОССК-ийг анх 4000 айлын орон сууцны зээлд иргэдийн материалыг бүрдүүлэх зорилгоор байгуулсан. Сүүлдээ газар авдаг, барилга барьдаг, барилга борлуулдаг гээд зүсэн зүйлийн ажил хийж байна л даа. Цаашдаа ОССК-ийг зээл олгодог ажлаас нь салгаж, бага, дунд орлоготой иргэдийг түрээсийн орон сууцаар хангах ажлыг зохицуулдаг болгох юм уу, эсвэл МИК-тэй нийлүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь бүтцээ зөв болгох ёстой. Цаашдаа энэ институциудээ цэгцлээд арилжааны бүх банкуудаас ямар нэг хязгаарлалтгүйгээр иргэд өөрсдийнхөө төлбөрийн чадвар, худалдаж авах талбай, орон сууцныхаа үнэд тохируулаад зээлээ авдаг эрүүл системийг бий болгох хэрэгтэй. Нэг удаагийн сонгуульд зориулсан, эсвэл нэг намын мөрийн хөтөлбөр байдлаар явмааргүй байна.

-МИК-ээс гаргаж байгаа үнэт цаас илүү урт хугацааны, бас хүү өндөр байна гэсэн үг үү?

-Хугацаа урт. Гэхдээ тийм өндөр хүү байхгүй, ерөнхийдөө үйл ажиллагааны зардлын хэмжээнд л байна. Монголбанк санхүүжүүлж байгаа учраас арилжааны банкуудад бололцооны хүүтэй очно. МИК-ийн арилжааны банкуудаас авч байгаа моргейжийн зээлийн хоёр дахь эх үсвэр буюу багцалсан үнэт цаасыг худалдан авагч нь манай нөхцөлд Монголбанк болон Нийгмийн даатгалын сан /НДС/байх юм. НДС одоохондоо бас авлагатай, Засгийн газар дээр уг санг мөнгөжүүлэх асуудал яригдаж байгаа. Сан мөнгөтэй болчихвол урт удаан хугацаанд моргейжийн зээлийг хоёр дахь зах зээлээс худалдаж авах бололцоотой. Бусад улс оронд ийм л байдлаар моргейжийг хэрэгжүүлдэг. Дээр нь гадна дотны хөрөнгө оруулагчид ч худалдаж авах бололцоотой. 

-НДС-г хариуцаж байгаа Хөдөлмөрийн яам үүнд хэр бэлтгэлтэй байгаа вэ. Сангаа мөнгөжүүлье, тусад нь гаргая гэсэн санал санаачлага гарч байгаа юу? Хууль нь ямар байгаа юм?

-Түрүүчийн УИХ-ын үед НДС менежмент муутай явж ирсэн. Энэ сангийн мөнгийг эргэлтэд оруулах ёстой. Үндсэндээ Төрийн сан дээр байрлаад нэрийн дансанд хоёр хувийн хүү жилдээ төлж байгаа шүү дээ. Сүүлд “Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаасыг худалдаж авч болно” гэсэн хуулийн зохицуулалт хийсэн. Энэ хуулиндаа нэмэлт болгоод “Моргейжийн зээлийн хоёр дахь эх үүсвэрийг авч болно” гэсэн заалт оруулья гээд бүх яамдуудруу саналаа явуулсан. Чиглэлийн яам нь дэмжиж байгаа. Бас нэг асуудал нь нэрийн дансанд тэтгэвэр төлж байгаа хүмүүс 2015 оноос эмэгтэйчүүд нь, 2020 оноос эрчүүд нь тэтгэвэртээ гарч эхэлнэ. Тиймээс НДС-ийнхаа шинэчлэлийг яаравчлах хэрэгтэй байна. Салбарын яам нь асуудлаа боловсруулаад Засгийн газар дээр ярих байх.

-Өмнө нь арилжааны банкуудаар өгч байсан 800 тэрбум төгрөгийн моргейжийн зээл барилгын үнэд хэр нөлөөлсөн бэ? Сүүлд гаргасан төрийн албан хаагчийн найман хувийн зээл, сонгуулийн өмнө зарласан зургаан хувийн зээл лав цөөхөн хэдэн барилгын компанийг мөнгөжүүлээд, нийт барилгын үнэ өсч, зээл авч байгаа иргэддээ ашиггүй болчихсон юм биш үү?

-2009-2010 онд дэлхийн эдийн засгийн хямрал Монголд нөлөөлсөн, барилгын салбарын борлуулалт зогссон. Дээр нь материалын үнэ өссөн, импортын нөлөөлөл ч байсан. Тэр үед зээлд хамрагдах орон сууцыг метр.кв-аар нь нь хязгаарласан Засгийн газрын тогтоол гарангуут барилгын компаниуд төлөвлөлтөө өөрчлөөд, квадратаа жижиглээд борлуулалт хийсэн. Энэ нь компаниудыг дампуурлаас гарахад нөлөөлсөн гэдгийг манай барилгын салбарынхан хэлдэг. Ер нь бол 2003 оны үед орон сууцны метр.кв-ын үнэ 420 мянган төгрөг байсан. Энэ үнэ тодорхой хэмжээгээр өссөөр 2007-2008 онд бараг 300-500 мянган төгрөгөөр, 100 мянган айлын орон сууц хөтөлбөр, зургаан хувийн зээл зарлагдсаны дараа 200-300 мянган төгрөгөөр өссөн. Үнэд нөлөөлсөн хүчин зүйл мэдээж олон байсан. Дэд бүтэц муу, инженерийн шугам сүлжээнд холболт хийхэд техникийн нөхцөл ч хүндэрч ирсэн. Бага талбайд олон орон сууц барьснаас  халаалтын систем, цахилгаан доголдож эхэлсэн. Мэдээж дээр нь газрын авлига, хээл хахууль ч гэсэн нөлөөлсөн. Эдгээрээс шалтгаалж барилгын үнэ өслөө гэж тооцсон. Дээр нь барилгын материалаа гол төлөв импортоор авч байна. Тиймээс Барилга хот байгуулалтын яамнаас материалын үйлдвэрлэл дээр анхаарч байгаа. Үйлдвэрлэлийг өргөжүүлэх, шинэчлэх төслүүдийг дэмжээд нэлээд олон төслийг Эдийн засгийн хөгжлийн яаманд танилцуулж байна. Болж өгвөл бондод хамруулчих чиглэлээр ажиллаж байгаа. Цементийн үйлдвэрлэлийг дотооддоо дэмжих бодлогыг хэрэгжүүлээд эхэлчихлээ. Бүтээн байгуулалтад ажиллаж байгаа гадны ажиллах хүчний квотын асуудал, эргэлтийн хөрөнгийг нь шийдэж өгч байна. Үүний үр дүнд 2015 он гэхэд цементээр дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой болж байна. Арматур, барилгын төмөр хийцийн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллаж, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлж байна. Дээр нь бид аймгууд дээр орон сууц барих газруудын төлөвлөлтийг хийж, шаардлагатай инженерийн шугам сүлжээг шийдэх зорилттой ажиллаж байгаа. Арван аймгийн хэсэгчилсэн төлөвлөлтийг өнгөрсөн оны төсвийн тодотголтой цуг хийсэн. Улаанбаатар хотод баригдах орон сууцны томоохон хорооллууд, гэр хорооллын барилгажилтад зориулсан дэд бүтцийн асуудлыг яамдуудтай ярьж,  хотын удирдлагуудтай тохироод Засгийн газрын хуралдаанд оруулах гэж байна. Дэд бүтцийг барьж байгуулснаар орон сууцны хөтөлбөр, гэр хорооллын барилгажилт эрчимжих ёстой.

-Гэр хорооллын барилгажилт хаанаас санхүүжээд байгаа юм бэ? Айлуудаас саналыг нь аваад, шугамаа тавиад эхэлсэн гэсэн?

-Улсын төсвөөс 40 тэрбум төгрөг шийдсэн, одоо дахиад 80-аад тэрбум төгрөгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулахаар бэлтгэж байгаа. Дээр нь барилгын гол нэр төрлийн бүтээгдэхүүн цемент, арматурын үнийг тогтворжуулах чиглэлээр хамтарч ажиллана.

-Өмнө нь 2004 онд Н.Батбаяр сайд барилгын материалыг гаалийн татвараас чөлөөлж “метр.кв-ын үнийг 280 мянгад барина” гэсэн. Дөрвөн жилийн дараа Х.Баттулга сайд нэг сая төгрөг хүрч байсан метр.кв-ын үнийг 650 мянга болгож бууруулна гэсэн. Харин одоо үнэ үндсэндээ хоёр сая давчихсан байна. Барилгын материалын үйлдвэрүүдээ дэмжлээ ч үнэ буурахгүй бол яах вэ? Төр оролцохоороо л буруу тийшээ явчихдаг, нэг зүйлээр нөгөөг нь заавал цохиж унагаадаг шүү дээ?

-Барилгын яам мэдээж үнэ тогтоохгүй. Бид чинь зах зээлийн нийгэмд амьдарч байгаа. Гэхдээ үнэ ярьж байгаа маань иргэдийн орлогын төвшинтэй холбоотой. Тийм учраас орон сууцны бодлого иргэдийнхээ орлогын төвшинд тохирсон байдлаар гараасай гэж хүсч байна, үүн лүү ч анхаарал тавьж байгаа. Өнөөдөр хотын хэмжээнд арав гаруй газарт гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох урилга гаргасан, нэлээд олон компани оролцоод явж байна. Бүтэмжтэй сайн явбал иргэд өөрийнхөө мэдэлд байгаа газар, хашаа байшингаа орон сууцаар солиод орон сууцаар хангагдах боломжтой. Төвөгтэй ажил. Гэхдээ иргэд дэмжиж, хамтарч ажиллаж чадвал бид том дэвшилд хүрнэ. Дээр нь Улаанбаатарт хотод орон сууцны томоохон хорооллууд шинээр барина, тийшээгээ дэд бүтэц татах ёстой. Дагуул хотуудын орчныг бас сайжруулах хэрэгтэй байна. Налайх, Багануур, Багахангай гэх мэтчилэн. Хөшигтийн хөндийд барих олон улсын онгоцны буудлыг түшиглээд шинэ суурьшлын бүс байгуулах хэрэгтэй. Энэ ажлуудыг Засгийн газар цогцоор нь харж, орон нутаг, бизнесийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллаж чадвал ажил явна. Үнийн хөөс байсан уу гэвэл байсан. Бодитой ажил хийж, бодитой зах зээлийн нөхцөл бүрдсэн тохиолдолд л энэ хөөс арилна. Мэдээж Засгийн газар хэт их ороод явчихвал дахиад л үнийн хөөс үүснэ. Тийм учраас Засгийн газар орох юмандаа ороод, орохгүй юм руугаа бол орохгүй л байх ёстой.

-Зургаан хувийн зээл хэзээ зогсох вэ? Ядахдаа найман хувьд хүргэе гэсэн санал бас явж байгаа гэсэн...

-Зургаан хувь ч бай, найман хувь ч бай моргейжийн зээлийн хувьд аль аль нь хүндрэлтэй л тоо. Яг зах зээлийн зарчмаар нь явуулаад хүүгээ буулгах юм бол зөв голдрилдоо орно. Гэхдээ иргэдийн хүсэн хүлээж байгаа зүйлд бас хариулт болж чадахгүй. Тийм учраас бид өнөөдөр ямар ч байсан дуусаагүй байгаа барилгуудаа барьж дуусгах, цаашдаа орон сууц барих ажлыг бас дэмжих ёстой. Моргейжийн зээлд дутуу барьсан барилгыг хамруулдгаа больё. Зургаан хувийн зээлийг гаргахдаа “50 хувийн гүйцэтгэлтэй барилгыг зээлд хамруулж болно” гэж журамд нь өөрчлөлт оруулснаар барилгын компани иргэдээс янз бүрийн зээлийн баталгаа, нэмэлт төлбөрүүд шаардаад эхэлсэн. Тэгээд барилгаа хугацаанд нь ашиглалтад оруулж чаддаггүй, үүнээс нь болоод банкнаас зээл олгогддоггүй. Гэтэл иргэд дунд хашаа байшингаа зарчихсан ч хүн байна, бусдаас зээл авчихсан ч хүн байна. Ийм шалтгаанаар хүндрэл гарч байна. Тийм учраас цаашдаа зөвхөн 100 хувь баригдсан барилгыг л моргейжийн зээлд хамруулдаг байх ёстой. Тэгвэл орон сууц 100 хувь зээлийн баталгаа болж чадна, иргэдэд ч хүндрэл үүсэхгүй. Иргэдийн хувьд зөвхөн урьдчилгаа төлбөрөө төлөөд, сар бүр зээлээ төлөх хэмжээний орлоготой л байх ёстой.

-Суулт зарласан, өлсгөлөн зарлана гэсэн иргэдийн асуудлыг яаж шийдсэн бэ? Цаана нь ОССК-д дахиад 4000 хүний асуудал байгаа биз дээ?

-Тодорхой хүмүүстэй, орон сууцны компаниудтай ч уулзсан. Иргэдээс олон юм шаардахаа боль, гол нь моргейжийн зээлд хамрагдах шаардлагыг хангасан, урьдчилгаа төлбөрөө төлсөн тохиолдолд иргэдэд ямар ч хүндрэл учруулах ёсгүй гэдгийг хэлсэн. Одоо ч гэсэн зургаан хувийн зээлийн 30 тэрбумаас бараг 17-18 тэрбумын үлдэгдэл байгаа шүү дээ. Тэндээс зээлд хамрагдаад явж байгаа хүмүүс ч байна лээ. Огт баригдаагүй орон сууцанд урьдчилгаа төлчихсөн хүмүүс ч байна. Бид тухай бүрт нь уулзаад, цаашдаа бодлогоо тайлбарлаж байгаа. Бэлэн орон сууц байхгүй тохиолдолд хүндрэлтэй шүү дээ. ОССК-т нийтдээ 4300 хүн бүртгэгдсэнээс 1300 нь зээлээ авчихсан, одоо зарим нь аваад явж байгаа. Шаардлага хангаагүй нэлээд олон өргөдлийг буцаасан. Зарим нь банкуудын зээл рүү шилжсэн. Цаашдаа  бол энд бүртгэгдэж, зээл авах гэж байгаа хүмүүс орон сууцны шинэ бодлогын дагуу зээл авна. Шинэ бодлого зарлагдсан цагт зургаан хувийн зээл зогсоно. Бодлогыг Засгийн газар ойрын үед зарлана. Гэхдээ энэ бодлогыг Засгийн газар дангаараа гаргахгүй, зөвхөн оролцогч л байна. Миний хувьд хэлэхэд, зургаан хувийн зээлийг дахиж гаргах хөрөнгийн эх үүсвэр байхгүй. Эх үүсвэрийг БХБ-ын сайд гаргахгүй, Хөгжлийн банк л гаргавал гаргана. Хөгжлийн банкинд орон сууцны зээлд зориулах эх үүсвэр байхгүй гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд хэлсэн байгаа. Эх үүсвэр байхгүй тохиолдолд зогсоохоос өөр аргагүй.

 

Эх сурвалж http://economy.news.mn