Mobile version coming soon
"МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ ОССК" ХХК НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР ТОДОРЛОО
Буцах
2019 оны 05 сарын 20 өдөр

Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулдаг. “Татвар-хөгжлийн үндэс” уриан дор "Татвар төлөгчдийн өдрүүд-2019”-ийг орон даяар 20 дахь жилдээ тэмдэглэж, Татварын хууль тогтоомжоо сурталчлах, шинэ үйлчилгээг танилцуулах, татварын боловсрол олгох сургалт, татварын сэдэвт уралдаан тэмцээн зохион байгуулах болон шилдэг татвар төлөгчдийг шалгаруулж алдаршуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

Энэ ажлын хүрээнд Нийслэлийн татварын газраас НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ТАТВАР  ТӨЛӨГЧ 20 АЖ АХУЙН НЭГЖ, НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ 6 ИРГЭН-ийг тодруулж, шагнал гардуулах ёслол Нийслэлийн Хангарьд ордонд өчигдөр /2019.05.20/ боллоо.

Монгол Улсад орон сууцны хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК Нийслэлийн шилдэг татвар төлөгч 20 аж ахуйн 16-д шалгарч, шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан гардууллаа.

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Татвар төлөгч Та бүхний сэтгэл, зүтгэл, нөр их ажил хөдөлмөрийн үр дүнд бий болсон орлогын үр шимээр 2018 онд нийслэл, дүүргийн төсөвт 784.3 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулсныг дуулгахад таатай байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 191 мянга гаруй татвар төлөгч аж ахуй эрхлэгч иргэн, компанийн дийлэнх олонх нь буюу 75 хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг учраас нийслэлчүүдийн маань төлсөн татварын орлого Монгол Улсын төсвийн орлогын талаас илүүг дангаараа бүрдүүлдэг. Энэ онд нийслэл анх удаагаа татвар төлөгч иргэнд зориулсан төсвийн гарын авлагыг хэвлэж гаргахад бэлэн болгосон. Ингэснээр нийслэлийн төсвийг хэн бүрдүүлдэг, хэдэн төгрөг хаанаас орж ирдэг, юунд зарцуулагддаг, тэр нь үр бүтээлтэй байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх боломж бүрдэнэ” гэдгийг онцолж хэллээ.

Шилдэг татвар төлөгчдийг шалгаруулахдаа олон үзүүлэлтийг шалгуур болгодог. Тухайлбал, байгуулагдсан цагаас эхлэн жигд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлөлтөөрөө тэргүүлсэн байх, татвараа цаг хугацаандаа төлдөг, татварын бүх тайланг үнэн зөв, алдаагүй гаргасан, татварын өргүй байх, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаа эсэх зэрэг олон шалгуурыг хангасан байх ёстой юм. Монгол Улсын Татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэлбэрэлтгүй биелүүлж, улс, орон нутгийн төсөв бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, тэргүүний татвар төлөгчийн болзлыг хангасан ААН-үүд ийнхүү “Нийслэлийн шилдэг татвар төлөгч”-өөр шалгарч шагналаа гардлаа.