Mobile version coming soon
САНХҮҮГИЙН ХӨНДЛӨНГИЙН ШИНЖЭЭЧ БОЛОН ХУУЛИЙН ХӨНДЛӨНГИЙН ШИНЖЭЭЧЭЭР АЖИЛЛАХ КОМПАНИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Буцах
2017 оны 12 сарын 07 өдөр

Монголын Ипотекийн Корпораци нь “МИК Актив Арван Зургаа” ХХК-иар дамжуулан ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргахтай холбогдуулан Ипотекийн зээлийн хөрөнгийн багцад санхүүгийн хөндлөнгийн шинжээч болон хуулийн хөндлөнгийн шинжээчээр хамтран ажиллах компанийн сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Хөндлөнгийн шинжээч нь ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах хэлцлийн хүрээнд Нэгдсэн хөрөнгийн багцаас санамсаргүй түүврийн аргаар сонгосон зээлийн дансдын хувийн хэрэг, зээлийн мэдээлэлд тогтоосон шалгуур үзүүлэлтийн дагуу шинжилж, алдаа зөрчил илэрсэн эсвэл илрээгүй талаар тайлбар, дүгнэлт гаргах болон гүйцэтгэсэн шинжилгээний талаар тайлан бэлтгэж “МИК Актив Арван Зургаа” ХХК болон түүний үүсгэн байгуулагч “МИК ОССК” ХХК нарт танилцуулах, тайлбар хүргүүлэх ажилбаруудыг гүйцэтгэнэ.

Санхүүгийн хөндлөнгийн шинжээчид тавигдах шаардлага

Ипотекийн зээлийн хөрөнгийн багцад санхүүгийн шалгуур нөхцөлийг хангасан эсэхэд хөндлөнгийн шинжилгээ гүйцэтгэх этгээд нь дараах үндсэн шаардлагуудыг хангасан байх бөгөөд зөвхөн доорхоор хязгаарлагдахгүй.

  • Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 33.2-т заасан санхүү, аудитын зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээд байх;
  • Санхүүгийн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт үйлчилгээний хүрээнд хийгдэх зөвлөх болон дүгнэлт гаргах сонирхлын зөрчилгүй, гүйцэтгэсэн ажилд баталгаа гаргах чадвартай байх;
  • Зээлийн хөрөнгө, зээлийн материалд санхүү, бүртгэлийн үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай, Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, журмын талаар өргөн мэдлэг, туршлагатай байх;
  • Санхүүгийн шалгуур хангасан эсэхэд хөндлөнгийн шинжилгээг гэрээгээр тохирсон хугацаанд чанартай гүйцэтгэх мэдлэг чадвар, хүсэл эрмэлзэл, хүний нөөц болон цаг хугацааны нөөц бололцоотой байх.

 

Хуулийн хөндлөнгийн шинжээчид тавигдах шаардлага

Ипотекийн зээлийн хөрөнгийн багцад хөндлөнгийн шинжилгээ гүйцэтгэх этгээд нь дараах үндсэн шаардлагуудыг хангасан байх бөгөөд зөвхөн доорхоор хязгаарлагдахгүй.

  • Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 33.2-т заасан хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээд байх;
  • Хөндлөнгийн шинжилгээний үйлчилгээний хүрээнд хийгдэх зөвлөх болон дүгнэлт гаргах сонирхлын зөрчилгүй, гүйцэтгэсэн ажилд баталгаа гаргах чадвартай байх;
  • Зээлийн хөрөнгө, зээлийн материалд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай, Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, журмын талаар өргөн мэдлэг, туршлагатай байх;
  • Хөндлөнгийн шинжилгээний ажлыг гэрээгээр тохирсон хугацаанд чанартай гүйцэтгэх мэдлэг чадвар, хүсэл эрмэлзэл, хүний нөөц болон цаг хугацааны нөөц бололцоотой байх.

Сонгон шалгаруулалтанд бүрдүүлэх материал

  • Хамтран ажиллах санал
  • Үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Хөндлөнгийн шинжээчид тавигдах шалгуурыг хангасан талаар бичгээр баталгаажуулсан баримт, дүгнэлт, танилцуулга, баталгаа гэх мэт

Материал ирүүлэх хугацаа, хаяг

Сонгон шалгаруултанд оролцохыг хүссэн албан байгууллага дээрхи материалыг бэлтгэж, битүүмжлэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн  Эрсдэлийн удирдлагын газарт хаяглан ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно.

Жич: “МИК ОССК” ХХК-иас зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан байгууллагад хариу мэдэгдэж хийж гүйцэтгэх ажлын даалгаварыг хүргүүлнэ.

 

Нэмэлт тодруулга авах шаардлагатай бол тус компанийн Зээлийн эрсдэлийн мэргэжилтэн Б.Мөнхцэцэг (цахим хаяг: munkhtsetseg@mik.mn; Утас: 328267 (864); Зээлийн эрсдэлийн мэргэжилтэн О.Нямхүү (цахим хаяг: nyamkhuu@mik.mn; Утас: 328267 (863)-тай холбогдоно уу.