Mobile version coming soon
Нийгмийн хариуцлага

Хүний үндсэн хэрэгцээ болох орон сууц нь насан туршид хадгалагдах, цаг хугацааны аясаар үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж байдаг хөрөнгө юм. Орон сууцны зээлд хамрагдахын тулд иргэнд тогтмол орлоготой байх, татвар төлдөг байх, хугацаа хэтэрсэн зээлгүй байх, шүүхээр шийдвэрлэх өр төлбөргүй байх зэрэг шаардлага тавигддаг. Энэхүү шаардлагууд нь хариуцлага нэмэгдүүлж тогтвортой ажилтай, орлоготой байх үндэс суурь тавьдаг юм.

Ипотекийн анхдагч зах зээл нь банк болон зээлдэгч хоёрын хоорондын харилцаан дээр тулгуурлан үүссэн урт хугацаатай санхүүгийн харилцаа байдаг бол ипотекийн хоёрдогч зах зээл нь зах зээл дээр олгогдсон ипотекийн зээлүүдийг тодорхой шинж чанар, нөхцөлөөр ангилан үнэт цаасжуулах замаар шинэ эх үүсвэр бий болгох үйл ажиллагаа байдаг. Ингэснээр урт хугацаагаар олгогдсон ипотекийн зээлүүд эргэлтэнд орж шинэ эх үүсвэр бий болж, улмаар зээлийн хүү буурах, хугацаа уртсах зэрэг тааламжтай нөхцөл бий болгодог.

2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн Газар болон Монголбанк “Ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан. Иргэдэд зориулсан орон сууцны ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс Монголбанкнаас иргэдэд зориулсан орон сууцны жилийн 8+/-1 хувийн хүүтэй зээл олгох зориулалттай, богино хугацаат зээлийг “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрт оролцож буй банкуудад олгож эхэлсэн.

Дэд хөтөлбөрийн хүрээнд олгогдох 8+/-1 хувийн хүүтэй орон сууцны зээлийг  бага, дунд орлоготой иргэдээ орон сууцтай болгохыг дэмжих зорилгоор  2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн.  “МИК ОССК” ХХК энэхүү хөтөлбөрт банкуудын олгосон 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг багцлан худалдан авч, ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах үйл ажиллагаа хариуцан оролцож байна. “МИК ОССК” ХХК нь банкуудын олгосон 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг багцлан худалдан авч, эх үүсвэрээр хангаснаар банкуудын зүгээс олон иргэнд 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгох боломж нээгдэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь “МИК ОССК” ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд оруулж байгаа хамгийн үнэтэй хувь нэмрүүдийн нэг юм.

Монгол Улсын хэмжээнд 2015 оны эцсийн байдлаар ипотекийн зээлд хамрагдсан нийт зээлдэгчдийн тоо 89,156 ипотекийн зээлийн үлдэгдэл 4 их наяд төгрөгт хүрлээ. Мөн 2014 оны эцсийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 148.6 мянган өрх орон сууцанд амьдарч байгаа бол 204.2 мянган өрх, гэр хороололд амьдарч байна. Энэ нь орон сууцанд амьдрах хүсэлтэй айл өрхийн хэрэгцээ шаардлага өндөр байгааг харуулж байна. Мөн орон сууцны хороололд амьдарч буй өрхийн тоо 2013-2014 оны хооронд 1.2 хувиар өссөн тоон үзүүлэлт гарч байгаа юм.

2015 онд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар “Ипотекийн зээлийн санхүүжилтийн журам”-д өөрчлөлт орж дан ганц хот суурин газарт ажил хөдөлмөр эрхэлж тогтмол орлого олдог иргэд бус хөдөө орон нутагт мал маллаж амьдрал ахуйгаа залгуулдаг малчин айл өрхүүд ч “Орон нутагт баригдаж ашиглалтанд орсон амины орон сууцнууд” дэд хөтөлбөрийн хүрээнд ипотекийн 8+/-1 хувийн зээлд хамрагдах боломжтой боллоо.