Mobile version coming soon
АЗИЙН ТОГТМОЛ ОРЛОГОТОЙ ҮНЭТ ЦААСНЫ 5 ДАХЬ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ /AFIS/ УЛААНБААТАР ХОТОД БОЛЖ БАЙНА
Буцах
2018 оны 07 сарын 02 өдөр

Орон сууцны тасралтгүй санхүүжилтийн сувгийг нээх олон улсын туршлагаас судлах Азийн тогтмол орлоготой үнэт цаасны тав дахь удаагийн чуулга уулзалт /AFIS/ Улаанбаатар хотноо 2018 оны долоодугаар сарын хоёрны өдөр зохион байгуулагдаж байна. Энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтыг Монголын Ипотекийн Корпораци /МИК ОССК ХХК/ нь Барилга Хот Байгуулалтын Яам, Сангийн Яам, Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран зохион байгуулж байгаа юм.

Чуулга уулзалт “Орон сууцны бодлого ба санхүүжилтийн шийдлүүд” сэдвийн дор өрнөж, “Орон сууцны бодлогын сонголтууд”, “Орон сууцны санхүүжилтийн шийдлүүд”, “Азийн хөрөнгийн зах зээл дээрх боломжууд” дэд сэдвээр үргэлжилж байна. Чуулга уулзалтад Малайз Улсын Моргейжийн Корпорацийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Чунг Чи Леон, Азийн Хөгжлийн Банкны Санхүүгийн салбарын багийн ахлагч Норитака Акамацу, Дэлхийн Банкны Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Андрей Милютин зэрэг хүндэт зочид илтгэл тавьж байна. Мөн Монгол Улсын Барилга, Хот байгуулалтын сайд Х.Баделхан, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн Ч.Хашчулуун болон олон улсын хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 20 гаруй төлөөлөгч панел хэлэлцүүлэгт оролцож, моргейжийн хоёрдогч зах зээлийн хөгжил, боломжуудын талаар хэлэлцэж байгаа юм.

Азийн Моргейжийн Хоёрдогч Зах Зээлийн Холбоо /ASMMA/-г 2014 онд Монгол, Малайз, Япон, БНСУ, Тайланд, Казахстан, Индонез, Филиппин улс нэгдэж үүсгэн байгуулсан. Монгол Улсад хэрэгжүүлж буй ипотекийн тогтолцоог ASMMA-ийн гишүүн орнууд өндрөөр үнэлж, үлгэр жишээ санхүүгийн систем гэж үзэж байна. Азийн Моргейжийн Хоёрдогч Зах Зээлийн Холбооны Ерөнхийлөгч Ананта Вигуяа МИК ОССК ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, “Монголд хэрэгжүүлж буй орон сууцны санхүүжилтийн бүтэц нь төр, хувийн хэвшлийн хамтарсан, оновчтой, банк, санхүүгийн зах зээлийн эрсдэлийг бууруулсан, олон талын оролцоог хангасан” болохыг онцоллоо.

Мөн “Иргэдээ орон сууцжуулах Төрийн зорилтыг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлсэн, шинэ гэр бүл, бага дунд орлоготой иргэдийг дэмжсэн, чөлөөт зах зээлийн зарчимд нийцсэн систем” гэж дүгнэсэн юм. Түүнчлэн Монгол Улсад орон сууцны найман хувийн хүүтэй хөтөлбөрийн хэрэгжилт саарсан үед Азийн Моргейжийн Хоёрдогч Зах Зээлийн Холбоо /ASMMA/-ны гишүүн орнууд Улаанбаатарт чуулсан нь цагаа олсон, шийдэл гарц тодорхойлсон, үр дүнтэй арга хэмжээ боллоо гэж дотоодын барилгын салбарынхан, хөрөнгө оруулагчид үзэж байна.