Mobile version coming soon
“Блумберг Финанс Форум” 2017 арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцлоо
Буцах
2017 оны 11 сарын 28 өдөр

“Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Ипотек Эзэмшигчдийн Холбоо, Санхүүгийн Салбарын Хуульчдын Холбоо хамтран “Блумберг Финанс Форум” 2017 арга хэмжээ  зохион байгууллаа. Төр засаг,  хувийн хэвшил, судлаачид Монгол Улсын санхүүгийн зах зээлд тулгамдаж буй асуудлууд, сорилт болон боломж, шийдлийн талаар байр сууриа илэрхийлсэн уг арга хэмжээнд “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК ивээн тэтгэгчээр оролцлоо.

Форумыг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн хэлсэн үгэндээ: “Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн нэг жилийн хугацаанд хариуцан зохицуулж буй үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбаруудынхаа хэмжээнд дараах үр дүнд хүрлээ.

Сүүлийн 10 гаруй жилд Монголын хөрөнгийн зах зээл дээр ердөө 12 IPO хийгдэж байсан бол зөвхөн энэ 2017 онд хоёр IPO шинээр, нэг компаний бонд, нийт гурван үнэт цаас зах зээлд гарлаа. Гурвуулаа санаанд оромгүй амжилттай болж, захиалга 200-300 хувиар давж биеллээ. Үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ өнөөдөр 2011 оны эдийн засгийн өндөр өсөлттэй үеийнхэд дөхөж очоод байна. 2011 онд эдийн засгийн өсөлт ямар байсан, өнөөдөр байдал ямар байгааг та бид бүгд сайн мэдэж байгаа. Энэ бүхэн зөвхөн гадаад хүчин зүйл, эдийн засгийн өсөлтийн үр дүнгээс илүүтэй Хорооноос сүүлийн нэг жилд баримталсан бодлого, үйл ажиллагаатай холбоотой. Одоо бид хөрөнгийн зах зээлийн арилжааны дэд бүтцийг сайжруулах, брокер, дилерүүдээ чадавхжуулах, хувьцаат компаниудаа хариуцлагажуулах ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөж байна.

Даатгалын салбарын нөөц сан, эрсдэлийн сангийн бүрдүүлэлтэд ч эерэг өөрчлөлт бий болсон. Энэ бол бас л бидний салбарын оролцогчдоо чадавхжуулах бодлогын үр дүн юм. Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэх, нэр төрлийг олшруулах зорилтын хүрээнд шинээр ипотекийн зээлийн даатгалын журмыг батлан, хэрэгжүүлж эхлээд байна. Санхүүгийн зохицуулах хорооны гадаад хамтын ажиллагааны үр дүнд манай улсын даатгалын салбар олон улсын лаборатори хөтөлбөрт хамрагдахаар шалгараад, яг энэ цаг мөчид хүртээмжтэй даатгалын инновацийн лаборатори сургалтаар дээрх хөтөлбөр нээлтээ хийж байгааг хэлэхэд таатай байна” гэв.

Хэлэлцүүлэг “Санхүүгийн зах зээл, өнөөгийн нөхцөл сорилтууд”, “ Санхүүгийн зах зээл, олон улсын туршлага шийдэл”, “Санхүүгийн зах зээл, зээлийн хүү” сэдвүүдийн хүрээнд явагдлаа. Санхүүгийн, ялангуяа банкны салбарт чухал нөлөө үзүүлэхүйц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг УИХ дээр хүлээгдэж байгаатай зэрэгцэн зээлийн хүүг бууруулах хувилбаруудын талаар олон санаачлага, санал гарч байгаа нь энэ удаагийн арга хэмжээний гол сэдэв байлаа.

 “Блумберг Финанс Форум” 2017 арга хэмжээнд оролцогчид санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад уг асуудлаар бодлогоо анхнаас нь зөв тодорхойлох явдал чухал болохыг онцолж байв. Мөн цаашид банкны салбарын тогтвортой байдлаар дамжуулан санхүүгийн салбарыг бэхжүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд бодлогын түвшинд авч хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар арга хэмжээнд оролцогчид санал бодлоо хуваалцаж, гарц шийдэл эрэлхийллээ.

Санхүүгийн салбарын хөгжилд мэргэжлийн хүмүүс дуу хоолой, байр сууриа илэрхийлсэн цаг үеэ олсон арга хэмжээ боллоо. Өөрөөр хэлбэл санхүүгийн зах зээлийн өнөөгийн хөгжилтэй холбоотой зөв ойлголтыг олон нийтэд өгөх цаг үеэ олсон чухал арга хэмжээ боллоо гэж хэлэлцүүлгийн үр дүнг тодорхойлж байв.