Mobile version coming soon
МИК: Ипотекийн хоёрдогч зах зээлийн тулах хүч
Буцах
2016 оны 07 сарын 18 өдөр

Монголын ипотекийн корпораци яг одоо Монголын хөгжлийн ирээдүйн замын эхэнд бат, нот зогсож байна. Ингэж хэлэх үндэслэлийг тоо баримт, үзүүлэлтүүд цаг үеийн нөхцөл байдал бидэнд олгож байгаа болохоор итгэлтэй хэлж байгаа нь энэ.

Хэдийгээр гаднын зарим хүн өнөө хэр монголчуудыг нүүдэлчин амьдралын хэв маягаар нь төсөөлж, хээр талынхаа дунд дугуй гэртээ ажин түжин амьдарч байдаг гэж боддог ч бидний мөрөөдөл болоод бодит байдал үүнээс их ондоо. Яг одоо та Монголын нийслэл Улаанбаатарт ирвэл баригдаж буй караказ, ашиглалтанд орох дөхсөн олон барилга харна. Энэ бол Улаанбаатарын хөгжил, нийслэл хотын маань ирээдүй өдөр өдрөөр өрөгдөж, өөдөө өндийж буйг гэрчлэх том баримт. Хүн амынхаа тоогоор хэдийнэ метрополис болсон ч хөгжингүй хот болоход бидэнд барилгажилт зайлшгүй хэрэгтэй. Харин хүн амыг орон сууцжуулах хөтөлбөрийг системтэй, үр дүнтэй, олон улсад туршигдсан бас найдвартай хэрэгжүүлэхэд Монголд ипотекийн чадварлаг компани хэрэгтэй. Олон жилийн  хөрс суурь, олны хүч хөдөлмөрийн үр дүнгээр бидэнд тэр нь байна.

Монголын ипотекийн корпораци сүүлийн хоёр жилийн хугацаанд 47.5 мянган иргэний орон сууцыг багцлан, 2.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргаад байна. Гурван сая хүн амтай, 17 их наяд төгрөгийн эдийн засагтай орны хувьд энэ бол том тоо. Гэхдээ энэ тооноос чухал үзүүлэлт, үнэ цэнэ энд бий. “МИК бол шинэ санхүүгийн хэрэгслийг Монгол хөгжүүлэгч” хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хэлж байв. Эндээс “шинэ санхүүгийн хэрэгсэл” гэсэн хэсгийг нь онцолж ярья. Одоогоос яг 10 жилийн өмнө Төвбанк болон арилжааны 10 банк санаачлан, Монголд ипотекийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор МИК-ийг байгуулсан юм. Тэгэхэд ипотек гэдэг үг иргэдийн дунд шинэ хэвээр, хүн амаа орон сууцжуулах нь хөгжлийн гарц мөн гэдгийг хаа, хаанаа ойлгож байсан ч уялдаа холбоо, эрэмбэ дараа, нарийн төлөвлөлт, зохицуулалт учир дутагдалтай байснаас бүрэн төгөлдөр ажил болж чадахгүй байв. Орон сууцны олдоц болоод нийлүүлэлт хүртээмжтэй биш, зах зээлийн өсөлтийг эрсдэлгүй даахуйц тогтвортой санхүүжилтийн тогтолцоо үгүйлэгдсэн тийм л цаг. Яг энэ үед МИК байгуулагдсан юм.

Хэдий Монгол жижигхэн зах зээл боловч энд бүх зүйл дүрмийн дагуу байх ёстой, бид олон улсын шилдэг туршлагаас хоцрохгүй байх хэрэгтэй, зөв зохицуулалт, менежмент хийвэл цаг үе, нөхцөл байдал бидний талд байсан үед МИК байгуулагдаж, хоёр жилийн дотор хөрөнгөөр баталгаажсан анхны үнэт цаас гаргаж, үйл ажиллагаагаа жигдлээд байх үед үүнээс таван жилийн дараа Төвбанк болон Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр “хувьсгалын тохироо” бүрдсэн билээ. МИК-ийн эрчимтэй өсөлт ч эндээс эхэлсэн.

Тэр үед сарын 4 сая хүртэлх төгрөгийн орлоготой айл өрхөд л хүртээмжтэй байсан орон сууцны зээлийг сарын 1 сая хүртэлх төгрөгийн дундаж оролготой айл өрхөд хүргэж чадсан нь хамгийн чухал үр дүн байв. “МИК Холдинг”, “МИК ОССК”-ийн гүйцэтгэх захирал Д.Гантөгсөөс “Өнгөрсөн хугацаанд та бүхний хамгийн том амжилт юу байв” хэмээн асуухад “Хариуцсан үүргээ амжилттай хэрэгжүүлсэн маань” хэмээн даруухан хариулсан. Энэ даруухан хариултын цаана энгийн иргэдийн хувьд боломжит нөхцлөөр орон сууцтай болохоос гадна хуримтлал үүсгэх, тэр нь найдвартай, баталгаатай байж, санхүүгийн сахилга баттай болохоос эхлээд улсын эдийн засагт үнэмлэхүй нөлөө үзүүлсэн. “Ипотекийн зээл бол иргэдийн халамжийн бодлого биш, харин үндэстний хуримтлалын бодлого юм” хэмээн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга асан Б.Гарамгайбаатар нэгэн ярилцлагадаа хэлж байв. Тухайлбал, одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол Улсын ДНБ-д эзлэх ипотекийн хувь 5.06 байсан бол хөтөлбөр эхэлснээс хойш энэ үзүүлэлт тасралтгүй өгсөж, өнгөрсөн жилийн эцсийн байдлаар 14.82 хувьд хүрээд байгаа билээ. Сүүлийн гурван жилд нийт долоон удаагийн, 2.1 их наяд төгрөгийн дүнтэй ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргаснаар төдий хэмжээний эх үүсвэрийг банкуудад, ипотекийн зээлийг иргэдэд олгохоор санхүүжүүлж байна.

Мэдээж нэг компанийн үйл ажиллагаа сайн байлаа гээд Монголын эдийн засаг бүхэлдээ сэргээд ирэхгүй. Гэхдээ иргэдээ орон сууцжуулахад төрийн бодлого нь чиглэсэн, зах зээлийн сэргэлтийн үе нь ирсэн, хувь хүмүүст энэ нь амин чухал хэрэгцээ байгаа нөхцөлд МИК хариуцлагатай, найдвартай бас ашигтай ажиллана гэдэг нь Монголын эдийн засагт чамгүй том хувь нэмэр болж буй гэдэгтэй хэн ч маргахын аргагүй. Одоогоор 68 мянган өрх ипотекийн хөтөлбөрт оролцох хүсэлтэй, мөнгөө бэлдээд урьдчилгаа төлбөрөө хуримтлуулж байгаа, түүнчлэн урьдчилгаагаа төлсөн 31 мянган өрх бий гэсэн судалгаа байдаг. Эрэлт тасралтгүй нэмэгдэх төлөвтэй энэ үед ар тал бат байх хэрэгтэй. МИК санхүүгийн хувьд тогтвортой, ашиг орлого нь баталгаатай болсноос гадна засаглалаа сайжруулахын тулд нээлттэй компани болсон нь чухал үйл явдал байлаа. Тус компани өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нээлттэй хувьцаат компани болж, Монголын хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжиж эхэлсэн бөгөөд “МИК Холдинг” дотоодын хөрөнгийн биржийн I ангиллын шалгуурт тэнцсэн анхны хувьцаат компани болоод байна.

Арван жилийн өмнө цоо шинэ компани, санхүүгийн цоо шинэ хэрэгсэлтэй зах зээлд гарч ирж байсан бол одоо МИК Монголын эдийн засгийн нэг том хүч, бас найдвартай ар тал болжээ. Тэд 20 жилийн дараа тэргүүлэх байр сууриа хадгалсан хэвээр, гаргасан үнэт цаас болон хувьцаанд хөрөнгөө оруулсан хөрөнгө оруулагчдын итгэлийг дээдэлсэн, компанийн үнэ цэнийг жилд тогтмол өрсөлдөхүйц  хэмжээгээр өсгөж, үнэт цаасны зах зээлд хамгийн их туршлага хуримтлуулсан, анхдагч компаний нэг хэвээр байна гэсэн зорилт тавин ажиллаж байгаа аж. Энэ бол өндөр зорилт, том алсын хараа. Гэхдээ Монгол шиг хөгжиж буй эдийн засгийн хувьд бүгд дор бүрнээ өндөр зорилт тавьж, түүндээ хүрч байж хөгжлийн хурдыг гүйцэнэ. МИК маш шахуу  хугацаанд санхүүгийн зах зээлд олон амжилтанд хүрсэн. Энэ ч бас чухал. Өндөр зорилт, хурдан гүйцэтгэлийг найдвартай байдал, тогтвортой ажиллагаа, дүрмийн дагуух гүйцэтгэл дагах учиртай.

МИК-т энэ бүхэн бий учраас Монголын эдийн засгийн нэг том хөдөлгөх хүчинд бид эргэлзээгүй итгэдэг юм.

Эх сурвалж: Монголика сэтгүүл