Mobile version coming soon
Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Сайн байна уу. Халуун ам бүлээрээ шинэ оноо угтаж буй Танд МИК-ийн хамт олны өмнөөс Шинэ жилийн баярын мэндийг хүргэе!

Бид иргэдийг орон сууцжуулах, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх их үйлсэд 16 жил ажиллаж буй хууль санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, туршлагатай хамт олон ажилладаг, хувийн хэвшлийн санхүүгийн байгууллага юм. Сүүлийн 8 жилд Хөтөлбөрийн хүрээнд төрийн эрх бүхий байгууллагууд болон арилжааны банкуудтай хамтран ажилласны дүнд нийт 100 мянга гаруй иргэн 8, 6 % ипотекийн зээлээр өөрийн орон сууцтай болж, хайртай хүмүүстэйгээ аз жаргалаа бүтээж байгаад бахархалтай байдаг. Энэ үйлс цаашид ч үргэлжилнэ.

Цар тахал үргэлжилсэн сорилттой жилүүдэд төрийн шийдвэрээр 5 удаа ипотекийн зээлийн төлөлтийг нийт 32 сарын хугацаанд хойшлуулах ажлыг арилжааны банкуудтай хамтран зохион байгууллаа. Энэ хугацаанд ипотекийн зээлийн эргэлтийг хэвийн явуулахад гол үүрэгтэй оролцож буй хөрөнгө оруулагчид болох Монголбанк, арилжааны банкуудад 400 гаруй тэрбум төгрөгийн купоны төлбөрийг ИЗББ эзэмшигчдэд ТЗК-ийн нөөц сангаас  бэлэн болон өглөг хэлбэрээр төлж, хувийн хэвшлийн байгууллагуудаас хамгийн том зардлыг хариуцаж байна. Өөрөөр хэлбэл, бидний байгуулсан орон сууцны санхүүжилтийн тогтвортой, хүртээмжтэй тогтолцооны загвар эрсдэлийг даах чадвартай болохыг цар тахлын үед улам тод харууллаа.

Олон улсын хөрөнгийн захаас 2019 онд авчирсан 300 сая ам.долларын зээлийн үлдэгдлийг энэ жил бүрэн төлсөнөөр гадаадын хөрөнгө оруулагчдын бидэнд үзүүлсэн итгэлийг алдсангүй. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн хувьд дотоод үйл ажиллагаандаа гадны сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор мэдээллийн аюулгүй байдлын, эрсдэлийн удирдлагын, комплаенсын тогтолцооны олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилласан хөрөнгө оруулагчид, хамтрагч түншүүд нийт ард иргэддээ шинэ оны мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсье!

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

 

Хүндэтгэсэн,

Б.Гантулга

Гүйцэтгэх захирал